Дорнод наадмаас өмнө нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын эхний 80 км замын хөдөлгөөнийг өнгөрөгч бямба гарагт нээсэн юм. Дээрх хөдөлгөөн нээж буй 80 км замыг “Арж капитал”, “Бадрах ойл” компаниуд ийнхүү хугацаанаас нь өмнө барьж гүйцэтгэсэн байна.

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын үлдсэн 63 км-ын 35 км замын хөдөлгөөнийг энэ сарын 4-нд нээх бол 10-нд буюу наадмын өмнөх өдөр үлдсэн 28 км замын хөдөлгөөнийг нээхээр гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна. Одоо “Насны зам”, “Өвөрзалаат”, “Хансуун зам” компаниудын ажил үлдээд байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг болох аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд энэ жил Дорнод аймгийн төвийг ийнхүү нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож дуусч байгаа юм байна.

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Баянхошуу, Хавирга, Ульхан боомт чиглэлийн 550 орчим км авто замын ТЭЗҮ, зураг төсөл хийх боловсруулах ажлыг гүйцэтгэсэн нь цаашид хилийн боомтууд руу хатуу хучилттай авто зам тавих ажлын эхлэл нь болж байгаа ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ