Долдугаар сарын сэрэмжлүүлэг


/Зураг: Г.Ган-Өлзий/
Хэдхэн хоногийн дараа Монгол түмний их баяр наадам болно. Үргэлжлүүлэн энэ сарын АСЕМ-ын Дээд төвшний XI уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан энэ жилийн хувьд амралтын өдрүүд олон хоног үргэлжилнэ. Тиймээс зусланд гарах, орон нутгийг зорих иргэдийн цуваа эртнээс хөдөлж эхлээд буй. Энэ утгаараа бид дараах мэдээллийг сэрэмжүүлэг болгох үүднээс хүргэж байна.
Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг байна. Өнгөрсөн өдрүүдэд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан гол усны түвшин огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлээд байна. Үүний улмаас хүний амь нас эрсэдсэн болон усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааны талаарх мэдээллийг өчигдөр бид хүргэсэн /Уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна/билээ.

Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрддэг. Иймд хуурайсайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчид болон голын эрэг дагуу амарч зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
2016 оны 6 дугаар сарын28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгшлийн нөөц гуурс болон буудай тариалсан талбайн хувьд Хэнтийн Гурванбаянд хангалтгүй, Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Цагааннуур, Төвийн Эрдэнэсант, Угтаалд дунд зэрэг, Сэлэнгийн Ерөө, Баруунхараа, Орхон, Орхонтуул, Булганы Ингэттолгой, Дорнодын Халхгол, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Дархан-Уулын 6-р бригад, Алтангадаст хангалттай байлаа.
Төмс тариалсан талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Сэлэнгийн Баруунхараа, Төвийн Борнуур, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Сүхбаатарын Баруун-Уртад хангалтгүй, Төвийн Угтаалд дунд зэрэг, Сэлэнгийн Зүүнхараа, Булганы Булган, Өвөрхангайн Хархорин, Төвийн Жаргалант, Баянчандмань, Дархан-Уулын 6-р бригад, Хэнтийн Өндөрхаанд хангалттай байна гэж мэдээлжээ.
Харин энэ сард агаарын температур зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим хугацаанд агаар хэт халах зэргээс шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас ихтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий болон Орхон голын дагууд, мөн Хангай нурууны араас эх авсан Идэр, Чулуут, Суман голуудын усны түвшин олон жилийн дунджаас 5-50 см бага хэдий ч Сэлэнгэ мөрний адгаар, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см ахиу байх ба бусад томоохон гол мөрний хувьд олон жилийн дунджийн орчимбайх төлөвтэй гэсэн урьдчилсан мэдээ гарчээ. Тэгэхээр хэт халалтын үед нарших, даралт ихсэх зэрэг эрсдлээс урьдчилсан сэргийлэх нь чухал. Түүнчлэн үргэлжилсэн халууны үед аадар орсны дараа нар гарахад хөрсний чийг дээшилж, улмаар үер буудаг гэдгийг ахмадууд ярьдаг.
Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан гол усны хэмжээ огцом нэмэгдэж, богино хугацаанд үерлэж болзошгүй юм. Байгалийн араншинг урьдчилан таах аргагүй. Тиймээс амарч зугаалах үедээ гол мөрний усанд орохдоо сэрэмжтэй байж, ус цаг уурын газраас, онгой байдлын газраас болон цагдаагийн байгууллагаас хүргэж буй сэрэмжлүүлэг мэдээ бүрийг даган биелүүлж, үер усны аюулт эрсдлээс эд хөрөнгө болоод амь насаа авран хамгаалахыг онцгойлон захиж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ