Нийслэлийг гоё болгосон хотынхондоо баярлалаа

Гэр хорооллыг барилгажуулах амаргүй ажлыг эхлүүлж, мянга, мянган өрх гэр бүлийг дулаан тохилог орон сууцтай болгосонд нь хотынхондоо талархал илэрхийлье.

Өнгөрч буй дөрвөн жилд Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгө засаж, иргэд ая тухтай орчинд амьдрах таатай боломж бүрдсэн нь хотын дарга Э.Бат-Үүл, түүний багийнхны ажлын үр дүн юм.

Гэр хорооллын гудамжуудад явган хүний зам тавьж болохыг, хогийн цэг байсан газарт хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт талбай болгон бүтээн байгуулалт хийж болохыг тэд л санаачилж бодит ажил болгосон.

Чимээгүй хотоороо дуудуулахдаа тулж байсан гэр хорооллын харанхуй гудамжууд бүгд шахам гэрэлтүүлэгтэй болсон. Зөвхөн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд ярихад энэ хугацаанд 56200 метр урт үргэлжлэх гэрэлтүүлэгтэй болжээ. Нийтдээ 46 байршилд гэрэлтүүлэг тавигдсан байгаа юм. Дөрвөн жилийн өмнө дүүргийг удирдахаар шинэ баг ажлаа авахад гэрэлтүүлэг нь ердөө 8.2 метр урт үргэлжилдэг байсан гээд боддоо. Мөн энэ дөрвөн жилийн хугацаанд зөвхөн дээрх дүүрэгт гэр хорооллыг чиглэн 82 км авто зам шинээр баригдсан мэдээлэл байна.

Нийслэлээс баруун зүгт 61-ийн гарам гэж газар бий. Тэнд нэг бол аймгуудаас шилжин ирэгсэд эсвэл тэтгэвэртээ суусан ахмадууд голлон амьдардаг. Дөрвөн жилийн өмнө амьдрал барзгар байлаа. Шороон замтай учраас жилийн гурван улиралд нь шахам шороо босно. Өвөл болж цас ороход бага зэрэг шороо нь дарагддаг байсан гэх үү дээ. Харин одоо 61-ийн гармын шороон зам хатуу хучилттай болж шинэчлэн баригдсанаар ойр орчмынх нь оршин суугчид шороонд даруулахааргүй болж, зам дагаад хөгжил наашилж байна. Хотын төв рүү хувийн машинаараа ажилдаа ирдэг байсан иргэдийн бэрхшээл ч арилжээ. Энхэл донхол ихтэй шороон замд авто машин нь олонтаа эвдэрч, шинэ эд анги худалдаж авахаас аргагүйд хүрдэг байсан бол одоо больсон. Ердөө 30-хан минут давхиад хотын төвд ороод ирж байна. Оршин суугчид нь хатуу хучилттай замын үр шимийг ийн хүртэн дүүргийг дөрвөн жил удирсан багийнхны хүч гээд талархаж сууна.

Баригдсан цагаасаа 30 жил их засварт оролгүй, эвдэрч сүйрээд байсан Чингэлтэйн зам, Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын зуслан, Хандгайт чиглэлийн 16.3 км авто зам иж бүрэн шинэчлэгдэн зассан нь хотынхны ажлын үр дүн биш гэж үү.

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар дамжуулан Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто замыг барьснаар шинэ зам бий болсон. АСЕМ-аар гадаадын зочид хүлээн авахад авто зам тал дээр нүүр улайхааргүй л болсон. “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хотын төвийг чиглэн авто машинаар аль эсвэл автобусаар зорчоод үзээрэй. Зам ямар гоё болсныг, замыг дагуулан хийсэн тохижилт, ногоон байгууламж энэ бүхэн нийслэлийг маань чимж эхэлсэн. Хэдхэн жилийн дараа замын хоёр талаар тарьсан модод шуугисан их ой болно гээд төсөөлөөрэй. Ногоон байгууламж нь ноль зааж байсан хот өнөөдөр ногоорч эхэлж байгаа шүү.

Хүн ам нь 300 мянга хол давж, сургууль, цэцэрлэгтээ хүүхдүүд багтахгүй гурван ээлжээр хичээллэж байсан он жилүүд Сонгинохайрхан дүүрэгт бий. Долоохон дунд сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ чихдэг байсан хэрэг. Харин өнгөрсөн дөрвөн жилд дүүргийн хэмжээнд 17 сургууль, цэцэрлэг шинээр баригдаж ашиглалтад орсноор энэ зовлон нимгэрч байна. Тэр хэрээр цэцэрлэг хүрэлцэхгүйгээс гэртээ цоожлогдож үлдэх хүүхдийн тоо багасна гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг дүүргийн жишээ. Бусад найман дүүрэгт энэ мэтчлэн олон цэцэрлэг, сургууль баригдаж ашиглалтад орсон.

Дөрвөн жилийн өмнө залуучуудаа манлайлан нийслэлийн сонгуульд орж байсан Э.Бат-Үүл дарга ялалт байгуулсныхаа дараа Ханын материалд хотын захиргааг шилжүүлж, хөгжил дагуулах болно гэдгээ мэдэгдсэн билээ. Харамсалтай нь, тендэрт шалгарсан компани нь үнэлгээгээ өсгөх шийдвэр гаргасан учраас энэ ажил саатсан ч дараагийн хөрөнгө оруулагчийг тодруулснаар эл ажил үргэлжлэх боломжтой болсон. Гол нь сая болж өнгөрсөн Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох сонгуульд ялсан баг хэлсэндээ хүрч өмнөх багийнхны хийсэн ажлыг үргэлжлүүлж чадах уу гэдгээс ирэх дөрвөн жилд Ханын материалыг даган Баянхошуу, Зүүн салаа, 21 дүгээр хороолол орчин үеийн дүр төрхийг олон хөгжих эсэх нь хамаарах болж байна.

"Зуудаг улаан" нэртэй зуун айлын замыг дөрвөн замын уулзвар болгон өргөтгөж, гүүрэн гарц тавьж өгснөөр авто машинууд саадгүй зорчиж, түгжрэл үүсэх нь багассан. Гүүрэн гарцаар явган зорчигч алхаад л замынхаа урд, хойно гарна. Сэлбийн гүүрийг дагаад өмнө нь үргэлжилсэн их хог хөглөрдөг байсан бол одоо хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг болж, өөрчлөгдсөн.

“Бөмбөгөр” худалдааны төв рүү ороход ч айх эмээх зовлонгүй. Гүүрэн гарцаар алхаад л худалдааны төв рүү орно. Энэ бүхэн хүндээ иргэндээ чиглэсэн аюулгүй байдлыг хангасан үйлчилгээ биш гэж үү.

Гэр хороолол нь хур хогондоо даруулж, хотын төв нь барилгын хогондоо даруулсан байсан бол одоо энэ байдал өөрчлөгдсөн. Хотын төвд хогийн савууд ирийж, газарт байгаа хогийг иргэн авч, хогийн саванд хийдэг соёл суусан байна. Энэ бүхэн өнгөрсөн дөрвөн жилд бий болсон сэтгэлгээний соёл юм.

Үүр гэгээрэх цагаас ажилдаа гарч, үдшийн бүрий тасартал нийслэлийг хоггүй байлгахын төлөө хөдөлмөрлөж ирсэн Хот тохижилтынхоны зүтгэлийг жинхэнэ утгаар нь үнэлж, цалинг нь 1 сая төгрөгт хүргэсэн хотын дарга бол Э.Бат-Үүл та. Таны энэ шийдвэрт хотын гудамжийг цэвэр цэмцгэр байлгахын төлөө нуруугаа бөгтийтөл ажиллаж байсан хот тохижилтынхноос гадна нийслэлийн мянга, мянган иргэн баярласан юм шүү. Хүн чанарын сайхан сэтгэлийг эндээс олж харсан хүн олон.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт хийсэн шинэчлэл, газрыг цахимаар олгож, зөвхөн даргад олддог байсан газрыг жирийн иргэнд хүргэх санаачилга яах аргагүй таниар овоглоно.

Хэдийгээр энэ удаагийн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгуульд ялагдал хүлээсэн байж болох ч өнгөрсөн дөрвөн жилд хийсэн, бүтээсэн их ажлуудаар нийслэлчүүд бахархах болно.

Ялагдсан өдөр байхад ялах өдөр заавал ирнэ. Улам илүү ихийг хийх эрч хүчтэйгээр эргээд ирээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ