ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ

ШӨХТГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Зорчигч тээврийн нэгтгэл" ТӨҮГ-т хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Тус байгууллагын худалдан авалтын байдал нь Өрсөлдөөний тухай хууль, болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэх талаарх хяналт шалгалтын ажлыг хийхэд доорх зөрчлүүд илэрчээ.
-Тус байгууллага нь жилдээ 20 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг боловч худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу төлөвлөөгүй, худалдан авах ажиллагааны үр дүнг холбогдох байгууллагад тайлагнаагүй байна.
-Тендер шалгаруулалтын урилга, үр дүнг худалдан авах ажиллагааны цахим хуудаст оруулдаггүй. Шатахуун худалдан авахад жилд дунджаар 10 тэрбум төгрөг баталдаг бөгөөд 2014, 2015 онуудад тендер шалгаруулалт зарлалгүй, “Алхана трейд” ХХК-аас шууд худалдан авалт хийсэн.
-“Алхана трейд” ХХК, "М-Ойл Групптэй байгуулсан Шатахуун худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийн хугацаа дууссан хэдий ч тус байгууллагын Удирдах зөвлөлөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоол гарч “2016 оны бизнес төлөвлөгөө батлагдаж, нээлттэй тендер зарлагдан гэрээ хийж хэрэгжих өдрийг хүртэлх хугацаанд шаардагдах шатахууныг 2015 онд хийгдсэн гэрээгээр үргэлжлүүлэн худалдан авахыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоол гарсны дагуу худалдан авалтаа хийж байсан. Мөн гэрээний үнэтэй холбоотой хэсэг буюу 3.1, 3.4 дэх заалтуудыг мөрдөж ажиллаагүй. Хэрэв тус компани 2016 онд одоогийн зах зээлийн үнээр дизель түлшээ худалдан авч байсан бол дизелийн түлшний зардлаа 22 хувиар бууруулах буюу нийт 2.3 тэрбум төгрөг хэмнэх бололцоотой байсан гэсэн тооцоо гарчээ.
-Эко түлшийг Угсраа автобусанд зориулж М-Ойл групп ХХК-иас худалдаж авдаг аж. Тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд нь дизель түлшний дэлхийн зах зээл дээрх үнийн бууралттай холбогдуулж түлшний үнийг бууруулах талаар ямар нэгэн асуудлыг нийлүүлэгч талд огт хөндөж тавиагүй, тодорхой арга хэмжээ аваагүй зэрэг зөрчлийг дурдаж байна.
Энэ нь тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүйг харуулж байгаа тул хяналт шалгалтын дүн болон холбогдох материалуудыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлж байгаагаа мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ