С.Сарнайгийн ээж “Яг түүн шиг” шоуг зад шүүмжилж, шүүгч Г.Ганхүүг буруутгав

Багагүй хугацааны турш үзэгч олныг байлдан дагуулж, цэнхэр дэлгэцийнх нь өмнө “уях” болсон “Яг түүн шиг” шоуны талаархи элдэв яриа өнөөг хэр нь тасраагүй байгаа. Ялангуяа ес дэх дугаарынхаа шалгаруулалтаас загвар өмсөгч С.Сарнай, жүжигчин Н.Мөнхсоёл нарыг хассан үйл явдал олон хүнийг бухимдуулж, бяцхан гунигт автуулсан нь нууц биш.

Загвар өмсөгч, жүжигчин бүсгүйчүүдийн хувьд энэхүү шоунаас хасагдсан гэдгээ дуулаад харамслын нулимс унагасан ч гэлээ, өөрсдийн цахим хуудсаар дамжуулан өдийг хүртэл хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсандаа тун ч сэтгэл хангалуун суугаагаа илэрхийлж амжсан. Тэр бүхнээрээ өнөөг хэр нь урам хайрлаж дэмжсэн үзэгч фэнүүдийнхээ сэтгэлийг амраагаад орхисон биз ээ. Тэгвэл загвар өмсөгч С.Сарнайгийн ээж энэ бүхэн илэрхий дургүйцэж байгаагаа нуусангүй. “Яг түүн шиг” шоуны шударга бус өрсөлдөөн, шүүгчдийн хуурамч дүгнэлтэнд чамгүй бухимдаж яваагаа цахим ертөнцөд дэлгээд авчээ.

Тэрбээр авьяаслаг охиноороо ихэд бахархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Шүүгч Ганхүүгийн “ачаар” хасагдав аа, хөөрхий. Шоу гэж хэлж, эрээвэр хураавар хүмүүсийг оруулчихаад эцсийн бүлэгт тэмцээн болж хувираад мэргэжлийн бус хоёр хүнийг хасч орхив гэж. Дараа дараагийнхаа тэмцээнд дан мэргэжлийн хүмүүсийг оруулж, шударга өрсөлдүүлэх хэрэгтэй. Тэгээд бас наймхан хүнээс хоёрыг нь хасаад байгаа юмаа. Зургаан байртай юм байх даа. Шал ойлгомжгүй юм. Охин минь энэ шоугаар хэн гэдгээ таниулсанд нь баяртай байгаа. Хамгийн гол нь, мэргэжлийн бус хүмүүсийг мэргэжлийн дуучидтай уралдуулж, тэмцээн болгож инээд хүргээд. Дунд нь бүр Буриад улсын Ардын жүжигчин хүн хүртэл байгаа шүү дээ” хэмээн бичиж томоохон шуугиан тарьж орхилоо.

С.Цахиур

www.zone.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ