Наадмын зогсоолын тусгай зөвшөөрлийг хаанаас авах вэ

Үндэсний их баяр наадмын Хэв журмын салбар хороо нь цагдаагийн байгууллагын баяр наадмын хэв журмын болон Замын цагдаагийн газрын хамгаалалтыг зохион байгуулахаар хийж буй төлөвлөлт 80 хувьтай үргэлжилж байна. Тодорхой хөрөнгө төсвийн шаардлагаар үлдсэн 20 хувь нь шийдэгдэх юм. Цагдаагийн байгууллага нь наадмын үеэр Хүй долоон худагт 24 цагийн хүрээ байгуулж, Цэнгэлдэх хүрээлэнд 24 цагийн шуурхай штаб байгуулан ажилладаг. Энэ жилийн хувьд нийт 6078 гаруй бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах юм байна.

Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор авто замын хөдөлгөөний болон автомашины зогсоолын тусгай зөвшөөрлийн тухай мэдээллийг хүргэж байна.

Наадмаар автомашины зөвшөөрлүүд олгогддог.

Улаан, цэнхэр М, ногоон Ү зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт, шар Ү зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх бөгөөд Ж, ДК, А, Г зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.

Энэ жилийн хувьд:

-А зөвшөөрөл -400 ширхэгийг олгоно. / Баяр наадмын комисс олгодог./

-ДК зөвшөөрөл- 100 ширхэг /Гадаад харилцааны яам/

-Г зөвшөөрөл нь 2000 ширхэг

-шар Ү, ногоон Ү - 1000 ширхэг /Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс/

-улаан М, цэнхэр М -4000 ширхэг /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгууд/ тусгай зөвшөөрлийг олгох юм байна.

А, ДК зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6, давхрууддаа тээврийн хэрэгслийн зогсоолтой бөгөөд нийт 500 автомашины байрлуулах боломжтой.

Г, шар Ү зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах "Сүрүга монгол" ХХК-ийн талбайд байрлах бөгөөд Г зөвшөөрөлтэй 1200 автомашин, шар Ү зогсоолд 300 автомашин зогсох боломжтой нийт 1500 автомашины зогсоолд байрлана.

Ж зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн нийт 60 автомашины багтаамжтай зогсоолд байрлана.

Эдгээр зөвшөөрлүүд нь зорчих хэсгийн тээврийн хэрэгслийг хүлээж авах чадвар болон зогсоолын хэмжээнээс хамаардаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас нөөц зогсоолуудыг бас шийдэж өгчээ. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо, Замын цагдаагийн газрын урд талын зогсоол гэх мэт энэ зогсоолуудаас нийтийн тээвэр үнэгүйгээр наадамчдыг зөөвөрлөх юм. Тухайн ачаалал авч байгаа хэсэг рүү наадамчид тээврийн хэрэгслээ ашиглан хөдөлгөөний эрчмийг нэмэх бус дээрх зогсоолууд дээр тавиад нийтийн тээврээр хурдан шуурхай үйлчлүүлэх боломжтой.

Харин Хүй долоон худаг дээр нийт 5700 авто машин байрлуулах юм байна. Үүнээс :

-Ж зөвшөөрөлтэй авто машины зогсоол 100 /Нийслэлийн аялал жуулчлалын газраас олгоно./

-А зөвшөөрөлтэй зогсоол 100,

-ДК зөвшөөрөлтэй 100,

-улаан Ү зөвшөөрөлтэй 1000,

-ногоон Ү зөвшөөрөлтэй700,

-Г болон цэнхэр М зөвшөөрөлтэй 3400 автомашин байрлуулна.

Долдугаар сарын 12-нд Хүй долоон худагт болох соёолон насны морины уралдаан дээр 07:00-09:00 цагт Архангайн салдаг уулзвараас Хүй долоон худаг хүртэлх замыг нэг чигийн урсгалд оруулна. Мөн соёолонгийн уралдаан тарах үеэр А болон Г зогсоолоос буюу Хүй долоон худгаас Архангайн салдаг уулзвар хүртэл замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохион байгуулах юм.

Ж, А, ДК, улаан М зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна. Г, цэнхэр М, ногоон Ү зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.

Түүнчлэн Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгэлдэх хүрээлэнд залах үеэр буюу долдугаар сарын 11-ний 9:00-11:00 цагт Замын цагдаагийн газрын уулзвараас Home Plazaхүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнөөр зохицуулах юм.

Нийтийн тээврийн тухайд, Railbus буюу төмөр замын нийтийн тээвэр үйлчилгээнд гарахаар болсон бөгөөд Хүй долоон худгийн өртөөн дээр 3-5 минут тутамд үнэгүй тээвэрлэлт хийнэ.

Ер нь замын ачааллаас шалтгаалаад тухай бүрт нь хязгаарлалтууд, хөдөлгөөний өөр зохион байгуулалтууд хийгдэж магадгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм.Тэгэхээр энэ асуудлыг наадамчин олон зөвөөр ойлгож хүлээцтэй хандах нь зүйтэй юм.

Дашрамд дуулгахад, наадмын гурван өдөр авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ