Бололцоотой эхийг гэрт нь төрүүльеье

Энэ тийм шинэ ч юм биш. Монгол эхчүүд угаасаа гэртээ төрдөг уламжлалтай. Бүр араг түшиж суугаад шүү. Тэгэхэд хүндрэл гардаггүй байжээ. Дэлхийн татах, умайн агших, ургийн толгойн дарах хүч нэг чигт болохоор төрөлтөд юу саад болох билээ.

Орчин үеийн аргаар орон дээр төрөхөөр дэлхийн татах хүч ургийг эгц доош татна. Умайн агших, ургийн толгойн дарах хүч нь хөндлөнгөөшөө болчихно. Ингээд хүчнүүдийн зөрөлдөөн үүссэнээс элдэв хүндрэл, тархины даралт, хярзангийн урагдал тохиодог гэх онол буй. За, эд ч яахав гэе.

Хорин нэгдүгээр зууныхан хөгжлөө дагах нь зүйн хэрэг ээ. Тэгвэл тэр хөгжил дотор чинь дагамаар юм бас байна. Бараг бидний аргыг хэрэглэдэг болчихож, тэр өндөр хөгжилтэй барууныхан. Миний нэг найз олон жилийн өмнө Европын орныг зорин, Английн Лондонд одоо ч суурьшин амьдарч буй. Тэнд очоод тэд хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн билээ.

Тэр даруйдаа надтай утсаар холбогдохдоо нэг сонин явдал ярьсныг эмч хүнийхээ хувьд дотроо өдий болтол хадгалж явдаг юм. Одоо харин хэлэх цаг нь болов бололтой. Найз маань ийн ярив. “Хоёр дахь охин маань гэртээ төрлөө” гэв. Би ч сандарлаа.

Тэр хөгжилтэй оронд түргэн тусламж дуудаж амжсангүй юу гэчихэв. “Тэгэх хэрэг байсангүй. Бид хоёр өрөө байртай л даа. Хяналтад байхад үзэж байсан эмч, сувилагч нь төрөх дөхөөд ирэхээр нэг өрөөг маань цэвэрлээд, ариутгаад бүр сүйд боллоо. Хүү бид хоёрыг ч оруулахаа байлаа. Ингээд эхнэр төрөхөөр өвдсөн чинь тэд төрөхийн түргэн тусламж дууддаг юм байна.

Эмч, сувилагч хоёр ирж нөгөө өрөөнд төрүүлчихээд л яваад өглөө. Хяналтын хоёр сахиж үлдээд, сувилагч нь манайд хоноод явсан. Маргааш нь гурав, нөгөөдөр нь тав гэх мэт цагийн зайтай үзсээр энгийн горимд оруулчихдаг юм байна лээ” гэсэн дээ. Эрүүл, хэвийн, давтан төрөх эхчүүдийн гэр орон боломжтой бол заавал төрөх рүү авч явдаггүй ажээ.

Одоо бодоход гэрт төрөх нь олон талын ашигтай юм байна. Нэгд, өвдөж байхдаа машинаар давхихгүй. Хоёрт, эх, нярай хоёр халдварт өртөхгүй. Гэртээ байгаа эхийн сэтгэлзүй ямар байхав. Мэдээж сайхан, ая тохитой байж таарна. Хүүхэд төрсөн гэртээ байгаагаа зөнгөөрөө мэдэрнэ. Эцэг, ах, эгч нар ч тайван, тэдэндээ туслахад ямагт бэлэн байна.

Хангалттай байгаа биз. Бид ч энэ жишгийг дагая. Боломжтой айл манайд зөндөө ш дээ. Анхны болон хожуу төрөгч, суурь өвчтэй, хяналтад байдаг эхчүүд төрөхөд очино л биз. Шаардлагатай бол кесарево/хийсвэр/ хагалгааг ч гэрт нь хийсэн болно шүү дээ. Төрөх эмнэлэг дутагдах гачаалаас ч гэсэн гарах сайн арга биш үү? Нэгдүгээр амаржихын өргөтгөл хэзээ ашиглалтад орох бол гэж санаа зовохгүй дээ. Саналаа солилцъё бүгдээрээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ