Монголоор заавал аялах 8 шалтгаан
Дэлхий нийтээр Монгол улсын байгалийн үзэсгэлэн, өвөрмөц ёс заншлыг сайшаан, биширдэг билээ. Харин зуны улирал тохиож, хүмүүс аялал зугаалгын замдаа гарах болсон тул гадны нэгэн сайтад Монголоор заавал аялахшалтгаануудыг дурдан бичжээ. Харин үүнийг бид та бүхэндээ элдэв нэмэлт хачиргүй орчуулан хүргэе.

Улаанбаатар нь Монгол улсын нийслэл төдийгүй хамгийн том хот билээ. Энэ нь зуны улиралд очиход хамгийн тохиромжтой бөгөөд хүмүүс нь эелдэг найрсаг. Улсынхаа төв болсон тус хот нь үйлдвэрлэл, үйлчилгээ сайтай төдийгүй алдарт сүлжээ ресторан, дэлгүүрүүд үүд хаалгаа нээн, дэлхийн жишиг хотын түвшинд ойртсоор байгаа юм. Хотоос зайдуухан гарах төдийд л байгалийн сайхныг мэдрэх боломжтой бөгөөд үүгээрээ бусад улсын нийслэлээс давуу. Мөн чанартай аяллын компаниуд ихээр байдаг тул таныг үзэсгэлэнт байгалиар аялуулж, өнгөн төрхөө зассан Улаанбаатрын талаар ч мэдээлэл өгөх болно.

Уужим тэнүүн нутагт амьдардаг болоод ч тэрүү ард иргэд нь дэндүү тайван хүмүүс байдаг юм. Гайхалтай хөх тэнгэр, газраар давхих адуун сүрэг хүн бүрийн бодлыг үргээж, амар амгаланд хүргэнэ. Ард түмэн нь тусархаг, найрсаг зантай. Ялангуяа хөдөө нутагт оршин суудаг малчин иргэд таниас юугаа ч үл харамлана. Тэд өн эртнээс уламжлан ирсэн сууц болох гэрт амьдардаг бөгөөд энэ нь өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байдаг юм. Гэрт ормогц уужуу тайвуу байх бөгөөд гэрийн эзэгтэй байгаа бүхнээ барин, угтаж дайлна. Ихэвчлэн тэд сүүтэй цай уух төдийгүй зуны улиралд гүүний сүүг исгэн, айраг хэмээн хатуу ундааг ихээр хэрэглэдэг. Та тус улсад очсоноор ертөнцийг үзэх үзэл, хүнийг харах өнцөг тань ч өөрчлөгдөж мэднэ.

Монгол улсын нутаг дэвсгэрийг хээр, уулархаг, говь хэмээн ангилж үздэг юм. Өмнө болон Дорно хэсэгт нь говь голлодог бөгөөд та тэндээс гайхалтай байгалийн тогтоц, элсэн манхан зэргийг харах боломжтой төдийгүй тэмээ унаж, тэнгэрт ойртох боломжтой. Тэнд араатан, жигүүртнүүд зэрэгцэн амьдарч, ховор ч гэлээ халуун хөрсөнд нь шимт ургамал үзэгдэж, хааяа бас баянбүрд таарна. Говь бол яах аргагүй амьд яваа насандаа заавал үзэх ёстой газруудын нэг бөгөөд бараа нь үл дуусах байгалийн үзэсгэлэнг харан бишэрч нүдээ баясгах нь бахдууштай хэрэг.

Цаа буга болон тэмээ нь Монголын өвөрмөц амьтдын нэг төдийгүй тэд эдгээр амьтдыг олон жилийн турш амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосоор ирсэн билээ. Тус амьтдаас шим тэжээл хүртэж, өдөр тутамдаа ашиглаж байдаг юм. Сүүг нь сааж, уналга болгож, ноосоор нь ахуйн зүйлс бэлтгэх гэхчлэн элдэв төрлөөр ашиглан, өсгөж үржүүлсээр иржээ. Цаа буга хариулан амьдардаг хүмүүсийг Цаатан гэдэг бөгөөд тэд Монголын баруун хойд хэсэгт амьдардаг юм. Тэд хотоос зайдуу, орчин үеийн амьдралаас хол хөндий амьдардаг төдийгүй үүгээрээ бахархан, уламжлалаа дээдэлж байдаг аж. Цаатангууд Халх ястангаас бага зэргийн ялгаатай. Тэд урц гэх сууцанд амьдарч, уналга цаа бугаа гэр бүлийн гишүүн мэт хайрладаг билээ.

Үзэсгэлэнт байгальд дурлагчдын хамгийн ихээр хүсэмжит, очихыг хүсдэг газар бол Монгол. Тус улс хүн ам багатай боловч хараа гүйцэмгүй өргөн уудам нутаг дэвсгэртэй. Хэрэв та Монголын хөдөө нутгаар аялах бол морийг сонгон, уудам талаар нь салхи татуулан давхилаад нэг үзээрэй. Эрх чөлөө, баяр хөөрийг мэдрэх төдийгүй эгэлгүй сайхан хүлэгт дурлах болно. Харин та Улаанбаатар хотоор аялж байгаа бол хотоос холгүй Тэрэлж гэх зэрэг амралтын газрууд ихээр байдаг бөгөөд тэнд Монгол орны нэрийн тэмдэг болсон бүхий л зүйлс байгаа гэхэд хилсдэхгүй. Бидний тухайд дотны анд маань нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад байдаг бол Монголчуудын тухайд морийг ихээр хүндэтгэн, дээдэлж, хайрлаж явдаг билээ.

Монголчууд 200 жилийн турш Манжийн дарлалд байсан бөгөөд тэд өөрсдийн эрх чөлөөг олж авахаар шийдсэн байдаг юм. Орос, Хятад гэх хоёр том коммунист гүрний дунд оршин байдаг Монгол улс тэдний аль нэгийг сонгон тусламж хүсэх хэрэг гарахад Орос улсыг сонгосон билээ. Тэдний энэхүү сонголт нь өдгөөгийн Монголыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Оросууд Монголд бүтээн байгуулалт явуулж, олон барилга байгууламж барин, үзэл суртлыг түгээн дэлгэрүүлж байсан аж. Өдгөө Орос улсаас үлдсэн байгууламжыг дурдвал Зайсангийн хөшөө, Улсын их дэлгүүр, Соёлын төв ордон зэрэг юм. Тус улсын хувьсгалт ажлыг удирдаж, ард иргэддээ эрх чөлөөг авчирсан гол хүн бол Сүхбаатар билээ. Түүний хөшөө Улаанбаатар төв хэсэгт сүндэрлэн байдаг аж.

Монголчуудын ихэнхи нь Буддын шашинтан байдаг юм. Тэд ганданд очиж, ном уншуулж, элдэвасуудлаас ангижирж, сүсэглэн залбирдаг. Мөн тус улсад шашны мөргөлдөөн огт үүсдэггүй бөгөөд зарим нь бөө мөргөл шүтэх нь ч бий. Энэ нь Эзэн Богд Чингис хааны шүтдэг байсан шашин билээ. Нийслэл хот төдийгүй хөдөө нутгаар ч мөн өвөрмөц хийц бүхий гандан, хийд маш олноор байдаг бөгөөд үүнийг нүдээр үзнэ гэдэг том аз завшаан юм.

Олон төрлийн гайхалтай өв уламжлал, ёс заншил зэргээрээ алдартай Монгол улсад жил бүрийн 7-р сард үндэсний их наадам болдог. Анх 13-р зуунаас эхлэн зохион байгуулагдаж ирсэн өн урт удаан түүхтэй энэхүү баяр гадны жуулчдын анхаарлыг ихээр татдаг юм. Наадам нь үндсэн гурван төрлөөс бүрддэг төдийгүй үүнд бөх барилдах, морь уралдах, нум сум харвах зэрэг багтана. Мөн зөвхөн нийслэл хотод зохиогддоггүй ба аймаг, сум бүр өөрсдийн наадмыг зохион байгуулдаг. Зөвхөн тэмцээн зохиогдоод зогсохгүй элдэв наадгай, урлагийн тоглолт, гэхчлэн сонирхолтой зүйлс маш их, үзэж харах зүйлс дуусахааргүй арвин.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ