Дотогшлох долларын урсгалыг яаж сайжруулах вэ?
Сонгуулийн өмнө 100 төгрөгөөр буурч, 1950 орчим төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш худалч хүнд хэлэхэд сонгуулинй маргаашнаас л буцаад өгсч эхэллээ. Уг нь наадмын өмнө долларын ханш хамгийн тогтвортой байдаг. Гэтэл энэ жилийн хувьд доллар ийнхүү өсч байгаа нь олон шалтгаантай юм.
Монгол Улсын үндэсний валют болох төгрөгийн ханш үргэлжилэн суларсаар байна. Хэдийгээр инфляци хамгийн нам төвшиндөө байгаа ч эдийн засаг бүхэлдээ хямралд өртөөд байна. Энэ нь дэлхийн зах зээлээс гадна Монголын улс төрийн тогтворгүй орчин, хууль эрх зүйн таатай бус орчин зэргээс шалтгаалах болсон эдийн засагчид хэдийнэ “оншилсон” ч харамсалтай нь, хууль батлах, бодлого хэрэгжүүлэх төвшинд эмчилгээг нь үр дүнтэй хийж чадахгүй байгаагаас улсын авдар ухаад үзье мөнгөгүй, зах зээл нь өвдөлтийн шокноосоо өнөө ч гарч чадахгүй хэвээр байна.
Улсын бүртгэл, статистикийн газраас гаргасан эдийн засгийн судалгааг харахад төсвийн алдагдал нь төлөвснөөсөө хэтэрч, банкны чанаргүй зээлүүд нэмэгдэж, ажилгүйдэл өсч, экспортын орлого мууджээ. Экспортын орлого муудсан нь дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ буурсантай холбоотой юм.
Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн мөчлөг нь цэвэр экспортын мөчлөгтэй яг урвуугаар таарч байгаа бөгөөд хэрэв шинэ зэсаг дорвитойхон арга хэмжээ авахгүй бол 2017 онд эдийн засаг улам хүндэрч болзошгүй байгаа. Учир нь 2017 оноос эхлээд монголчууд нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын өрийг төлнө. Энэ өрийг төлөх мөнгийг төсөвт одоогоор суулгаагүй байгаа. Дээр нь Монголд орж ирэх гадаад валютын урсгал “дуслын” төдийхөн болсон.
Ингээд долларын ханшийн талаар эдийн засагчдын байр суурийг хүргэе.
Л.Оюун: Жилийн хувьд наадмын өмнө долларын ханш харьцангүй сул байдаг. Гэтэл энэ жил өмч байна. Нийлүүлэлт бага болохоор ханш өсөх зөв л дөө. Тиймээс шинэ засаг дотогшлох долларын урсгалыг сайжруулах ёстой. Ер нь бол шинэ засгийн бодлогоос бүх зүйл хамаарах болно.
Ц.Даваадорж: Төсөв асар их алдагдалтай байна. Миний харснаар сонгуулийн өмнө долларын ханшийг хүчээр жаахан бууруулсан байх. Харин сонгуулийн маргаашнаас л долларын ханш өсөөд эхэллээ. Монголд хөрөнгө оруулалт, доллар орж ирж байж л долларын ханш буурна. Тиймээс доллар орж ирэхгүй бол өсөх нь гарцаагүй. Шинэ засаг экспортын орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах тал дээр анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байна.
Ч.Энхбат: Төгрөгийн ханш нэг хэсэг чангарсан. Гэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл байсан л даа. Харин өнөөдөр буцаад өслөө. Доллар өсөх гурван хүчин зүйлс байдаг юм. Нэгдүгээрт экспортын орлого асар доошилсон. Энэ нь дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ буурсантай холбоотой. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт муу байна. Гуравдугаарт, валютын зах зээлд риск хийдэг диллерүүдийн доллар худалдан авах эрэлт их байна.
Ийнхүү долларын ханш буцаад өсч байна. Монголд доллар орж ирэх цөөхөн суваг байдаг. Харин тэр сувгуудынхаа амсарыг нээж, дотогшлох долларын урсгалыг сайжруулах тал дээр шинэ засаг юу хийхийг нь харж л сууя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ