Согтуугаар жолоо барьж гол гарах гэж байгаад урсжээ

Наадмын өдрүүдэд иргэд аялж, зугаалж явах үедээ голын усанд боогдсон, суусан тохиолдлууд их гарчээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын аврагчид олон иргэдийн амь насыг авран ажилласан байна. Тухайлбал,

Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн ”Бор-Үзүүр” гэдэг газарЦэнхэрийн голын усанд 7 зорчигч бүхий суудлын автомашин суусан тухай дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 02:25 цагт /07:00 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.07.11-ний өдрийн 14:25 цагт уснаас татан гаргаж, 7 иргэнийг аюулгүй газар хүргэсэн.

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Галуутын хавцалд” /Сумын төвөөс урд зүгт 30 км-т/ “Лексус-570” загварын автомашин усанд сууж урсах гээд байна гэсэн дуудлагыг 2016.07.10-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг татан гаргаж, 3 иргэнийг аюулгүй газар хүргэсэн.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Товгор багийн “Хөх эргийн гарам”-д 35 хүний суудалтай “ПАЗ” загварын 2 автобус голд суусан гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 14:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 35 хүнийг аюулгүй газар хүргэсэн.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн Намгийн үзүүр гэдэг газар /Аймгийн төвөөс 12 км-т/ “Ниссан-Патрол” загварын автомашин усанд суусан, урсаад байна гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг татан гаргаж 8 иргэнийг аюулгүй газарт хүргэсэн.

Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн Харзтайн амралтын дэргэд “Туул” голд хүмүүс усанд боогдсон байна гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 10:17 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 15 хүнийг аюулгүй газарт хүргэсэн.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Хангамжийн хэсгийн урд голд иргэн М-ийн “Ланд Крузер-80” загварын автомашин урсаж байна гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 16:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг татан гарган, М /36 настай, эрэгтэй/, Ш /36 настай, эрэгтэй/ нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон шалтгаанаар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Чулуут голын Хүрмийн гарамд “Старикс” загварын автомашин усанд унасан тухай дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 18 иргэн, 3 мотоцикль, 2 автомашин, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 7 хүнийг аюулгүй газар хүргэсэн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3-р багийн нутаг “Мухар сайр” гэдэг газар Орхон голд “Ланд Крузер-100” загварын авто машин суусан дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 4 хүнийг аюулгүй газар хүргэсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Монгол шилтгээн” амралтын газрын урд “Туул” голд хүмүүс боогдсон гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.11-ний өдрийн 22:12 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж С /34 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүрний зүүн талд “Туул” голд автомашин суусан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.07.12-ны өдрийн 03:37 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б-ийн автомашин, иргэн Б-ийн автомашин, иргэн Т-ийн автомашинууд тус бүр 5 зорчигчтой, нийт 3 автомашин 15 зорчигч суусан байсныг татан гаргаж аюулгүй газарт хүргэсэн байна.

Монгол Улсын хэмжээнд 2016 он гарсаар усанд осолдсон гэх дуудлага 43 удаа гарч 54 хүн (хүүхэд-22, насанд хүрэгсэд-32) амь насаа алдсан байна.

Өнөөдөр зарим газраар түр зуурын бороо, 13-нд нутгийн баруун хагаст, 14-15-нд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ