Б.Бямбасайхан: Сингапурын бизнесийн сайн туршлагыг монголд нэвтрүүлэх боломж бүрдсэн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан Ази-Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалтад оролцохоор ирсэн Сингапурын Бизнесийн Холбооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Serial System Ltd, Meinhardt Infrastructure, Infinity Global Solutions Pte Ltd - Alibaba Global Service Partners, QXY Resources Pte Ltd, Royal Bussan Singapore Pte Ltd, Tian Poh Resources, Tong Chiang Group, Wellspring Investments, DLA Piper, Amicus Pte Ltd, Herb & Fashion Pte Ltd, APD Pharmaceutical Manufacturing Pte Ltd, Real Centre Holding Pte Ltd зэрэг компаниудын удирдлагууд оролцов. Уулзалтын үеэр Монголын бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлвийг танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов. “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Монгол бол эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч Азийн улс. Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин боловсорч байна. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн бусад улсуудтай харьцуулахад Монголд хөрөнгө оруулах компаниудад боломж их байна” гэдгийг уулзалтын үеэр хэллээ. Түүнчлэн тэрээр “Монголын уул уурхайн салбар мөчлөгтэй хэдий ч хүчтэй хэвээр байна. Олон улсын нэр хүнд бүхий 20 орчим банк, санхүүгийн байгууллагаас Оюу Толгой төслийн санхүүжилт авч дэлхийн хэмжээний уурхай болсон. Одоо Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна. Дан ганц уул уурхай гэлтгүй эрчим хүч, дэд бүтцийн салбарт бизнесийн боломжууд их бий. Сингапурын сайн туршлагыг Монголд нэвтрүүлэх бизнесийн болон хөрөнгө оруулалтын боломж бүрдсэн” гэдгийг Сингапурын Бизнесийн Холбооны гишүүдэд онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ