Ц.Элбэгдорж: Хоёр тивийн удирдагчид нэгдэж чадлаа

АСЕМ-ын өндөр дээд түвшний 11 дүгээр уулзалтын үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шангри-Ла зочид” буудлын хурлын их танхимд дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Уг хэвлэлийн бага хуралд Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нар оролцож байгаа юм.
Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хоёр өдөр үргэлжилсэн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд оролцож буй удирдагчид маань санал бодлоо чөлөөтэй хэлж байлаа. Хоёр тивийн удирдагчид нэгдэж чадлаа. АСЕМ-ын уулзалтын үеэр Монгол Улс зохион байгуулагчийн хувьд соёл уламжлалаа танилцуулж наадам зохион байгууллаа.
Дараагийн удаа АСЕМ-ын уулзалт бараг 100 жилийн дараа Монгол Улсад зохион байгуулагдаж магадгүй. Сэтгүүлч нар маань маш сайн ажилаллаа. Дэлхийн 1.5 тэрбум хүн та бүхний бэлтгэсэн мэдээллийг үзсэн байгаа. Та бүхэн Монгол оронтой танилцаж амжсан байх гэж найдаж байна. Та бүхнийг эргэж ирэх байх гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск "Юуны өмнө ноён Ц.Элбэгдоржид талархлаа илэрхийлж байна. Энэ удаагийн уулзалт хэзээ ч мартагдхааргүй дурсамж үлдээлээ. Энэ үеэр дэлхийн хэд хэдэн газар террорист халдлага гарлаа. Бид дэлхий нийтийн хэмжээнд эв нэгдлээ илэрхийлж, энэ индэр дээрээс дуу хоолойгоо хамтдаа хүргэсэн.
Турк бол манай Европын холбооны түнш. Цаашид Европ болон Ази тивийн бүх орнуудтай харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх нь чухал юм.
Өнгөрсөн өдрүүдэд болсон террорист халдалага манай хоёр тивд аюултай. Тийм учраас бид дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудлыг ярилцсан.
Мөн дүрвэгсдийн асуудал аюулгүй байдлын талаар ярилцсан. Ер нь ард иргэдийн аюулгүй байдалд чухал шийд гарах ёстой. Эцэст нь хэлэхэд зохион байгуулалт өндөр түвшинд байлаа. Баярлалаа" гэв.
Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер "Монгол Улсад ирснээс хойш маш зочломтгой хандаж байна.
Энэ удаагийн уулзалт хамгийн онцлогтой байлаа. Хурлын үеэр хоорондоо уялдаа холбоотой харилцаатай байх ёстой талаар улам тодорхой ярилцлаа. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бол уян хатан байдлаар хамтран ажиллах талбар байдагт баярлаж байна. Дараагийн уулзалт хоёр жилийн дараа Брюсельд болно. Хурлыг сайхан удирдлаа. Улс орноо ч сайхан удирдаж байна" хэмээн ярилаа.
Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо "Монгол орны ард түмэн Ерөнхийлөгчид баярлалаа. Миний хувьд энэ уулзалтад оролцох нэр төрийн хэрэг байлаа. Бид олон чухал сэдвээр ярилаа. Жишээ нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтууд байгаль орчны асуудлууд гэх мэт" гэв.
О.Сайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ