УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор АТГ, ЦЕГ, УЕПГ-т ханджээ



УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын ухуулагч мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлснээс болж төрөөд 20 гаруй хонож байсан хүүхэд нас барсан гэж өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдлээ.

Тэрбээр хуульч М.Ичинноровын хамт дээрх агуулга бүхий мэдээллийг хийсэн юм.

Г.Батбаяр “УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр МАН-аас УИХ-д нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ гэгч залуу талийгаач хүүгийн эцэг, эхэд 100,000 төгрөг өгч, “Заавал явж, Хүрэлбаатарын төлөө саналаа өг. Нялх хүүхэдтэй учраас жип машинаар явуулна хэмээн гэрээс нь авч гарчээ. Гэвч нялх биетэй нярайгаа тэвэрсэн бүсгүйг жийп машинд суулгалгүйгээр микро автобусанд суулган санал өгөх байр руу явуулсан. Төрөөд 26 хонож, эрүүл саруул бойжиж байсан хүү олон хүнтэй машинд нийтдээ 260 гаруй км яваад гэртээ буцаж ирэхдээ амьсгалын дутагдалд орон бие нь муудаж, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж ирсэн бөгөөд долоодугаар сарын 1-ний өдөр нас барсан.

Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ талийгаач хүүгийн аав ээжид 100,000 төгрөг өгч, тэдний саналыг худалдаж авсан нь хохирогчдын гомдол бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Гэтэл УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр мөнгө тараасан нь баримтаар нотлогдож, хүний амь нас хохирсон ноцтой гэмт хэрэг гарсан байхад Увс аймгийн Цагдаа, прокурор, хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд хэргийг бодитойгоор тогтоох, нотлох баримтыг нягтлан шалгаж цуглуулах үүргээ биелүүлээгүй.

Тиймээс Увс аймгийн АН-ын хорооны өмнөөс энэ асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэс, Улсын Ерөнхий прокурорын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргаад байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Увс аймгийн АН-ынхан Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын уурхайн 51 хувийг Солонгосын "Korea-Mongolia energy Development” компанид 10 сая доллараар Ч.Хүрэлбаатарын төрсөн ах дүүс болох Чимэдийн Гансүх, Чимэдийн Гантулга, найз Х.Дэмбэрэл нар зарж, мөнгийг нь өөрсдийн хувийн дансаар шилжүүлэн авсан баримтыг олсон.

Тиймээс УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын ах дүүс "Хотгор шанага”-ын уурхайн 51 хувийг Солонгосын “Korea-Mongoiia energy Development” компанид зарсан үйлдэл нь хуульд нийцэж байгаа эсэх, мөн хуулийн дагуу татвар төлсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаад байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ