Хээл хахуулийн хэргээр саатуулагдаад байсан захирагч өлсгөлөн зарлаж эхлэв

Хээл хахуулийн хэрэгт буруутгагдан саатуулагдаад байгаа ОХУ-ын Киров мужийн захирагч бөгөөд Кремлийг шүүмжлэгч Никита Белых өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар түүний өмгөөлөгч мэдээллээ. "Түүнд төлөвлөөд буй ял, мөн хоёр дахь өмгөөлөгч Ольга Михайлова болон эхнэр, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байгааг эсэргүүцэж Лефортовскийн шоронд Белых өлсгөлөн зарласан... Белыхын биеийн байдал муу, маш тогтворгүй байгаа” хэмээн түүний өмгөөлөгч Вадим Прохоров мэдэгдсэн юм.
Кремлийг шүүмжилдэг гэдгээрээ танигдсан Белых өмнө нь либерал сөрөг хүчин буюу Барууны хүчнүүдийн холбоог улс төрч Борис Немцов агсны хамтаар удирдаж байсан билээ. Белых нь 6 дугаар сарын 24-ний өдөр баривчлагдахдаа Москва хотын нэгэн зоогийн газарт байсан бөгөөд энэ үеэрээ хээл хахуульд 400000 евро (444.000 ам.доллар)-г авч байснаа хүлээн зөвшөөрсөн хэмээн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ