Үргэлжилсэн бороо орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Б.Цогтбаатараастодрууллаа.
-Хоёр хоног усархаг бороо орж байна. Энэ усархаг бороо хэр үргэлжлэх вэ?
-Ер нь ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үүлэрхэг, түр зуурын усархаг бороо орлоо. Үүнтэй холбоотойгоор гол мөрний усны түвшин 20-30 см нэмэгдсэн учраас иргэдийг гол усны аюулаас сэрэмжлүүлж байна. Маргаашнаас усархаг бороо зогсох төлөвтэй байна. Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хэсгээр түр зуурын бороо орох бол төв болон говийн нутгаар бороо орохгүй. Харин өнөө маргаашдаа зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орохыг анхааруулж байна.
-Ирэх өдрүүдэд цаг агаарын урьдчилсан төлөв ямар байх вэ?
-Энэ сарын 24-нд баруун болон зүүн аймгуудын зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх хэсгээр, 27-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай бороо орно.
Салхи борооны өмнө түр зуур ширүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэх төлөвтэй байна.
-Нийслэл хотын маргаашийн цаг агаарыг сонирхвол?
-Улаанбаатар хотонд үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ