Улаанбаатарыг бүрхсэн утаа хаанаас ирэв

Сүүлийн хоёр өдөр Улаанбаатар хотыг өтгөн утаа бүрхээд байгаа билээ. Хүмүүс хотын ойролцоо хаа нэг газар том хэмжээний түймэр гарсан бололтой гэж хэлэлцэж байна.
Тэгвэл энэ утааны уг сурвалж нь ОХУ-ын Сибирээс үүдэлтэй ажээ. Тодруулбал, Оросын төв болон зүүн хэсгээр энэ долоо хоногт ойн түймэр гарч үзэгдэх орчныг цагаан манангаар бүрхээд байна. НАСА-гийн дамжуулснаар лхагва гаргаас эхлэн оросын баруунаас зүүн хэсэгт ойролцоогоор 2000 милл орчинд цагаан утаа, угаар тархсан харагдаж байгаа аж.
Зурагт харагдаж буй улаан цэгүүд нь идэвхтэй асч байгаа болон түймэртэй газруудыг тэмдэглэжээ.
2016 оны долдугаар сарын 18-нд
2016 оны долдугаар сарын 20-нд
Утаа нь маш өргөн газар нутгийг хамарч байгааг 1.6 сая километрийн холоос дэлхийг ажиглаж байгаа сансрын хөлөг мэдээллээ.
NASA-гийн Deep Space Climate Observatory (DSCO) сансрын хөлөг нь Нар болон Дэлхийн дунд байрлаж дэлхийг нэг сая миль (1.6 сая км) зайнаас ажиглаж байдаг юм. Тэгвэл уг хөлгийн дуран авай энэ сарын 21-нд үлэмж хэмжээний утаа Сибирийг бүрхсэн дүрсийг дэлхий рүү илгээжээ.
Зургадугаар сарын турш энэ бүс нутагт хуурайшилт ихтэй, хур тунадас дунджаас доогуур үзүүлэлттэй байсан нь хуурай түлш шатаж, түймэр гарах нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй юм байна. Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн сард агаарын хэм дунджаас их байжээ. Түүнчлэн тавдугаар сард ч орост түймрийн ноцтой байдал үүссэн аж. Одоо дээрх олон хоног үргэлжилж буй түймрийн улмаас үүсч буй утаа нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас буюу агаар мандлын өндөр даралтанд хоргодсон байдалтай байна.
Ийнхүү энэ жилийн зургадугаар сарын түймэр нь ОХУ-ын сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн гамшигт түймэр болон тэмдэглэгдэж байна.
2016 оны долдугаар сарын 20-ны байдлаар Азид цаг агаарын байдал, түүнлчэн Оросын төв хэсгээр даралт өндөр байгаа бөгөөд энэ байдал тогтвортой байна.
Тиймээс хойноос чиглэсэн салхины урсгалыг даган энэ их саарал утаа орж ирсэн бололтой. Цаг агаарын нөхцөл байдлын талаар манай холбогдох байгууллагууд сэрэмжлүүлэг мэдээг иргэдэд байнга хүргэж ажиллаж байгаа билээ. Мөн үйлдэл бүрээ ухамсарлан аливаа эрсдлээс хамтдаа сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг мөн.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ