Жолооны үнэмлэх хэвлэгдэж байна

Жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой. Мөн гомдол мэдээлэл өгөх, эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээлэл, хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл ч энд байршиж байна.

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон.

Алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.

Жолооны үнэмлэх хэвлэлт хэсэг хугацаанд саатаж, шинээр авах, солиулах иргэдийн хүлээлт үүсээд байсан билээ. Харин өнгөрөгч даваа гарагаас жолооны үнэмлэхний бэлдэц хангагдаж хэвлэлт хэвийн үргэлжлэх болжээ. Лицензийн төвийнхөн бүх бэлдцээ авсан учраас тэд уртасгасан цагаар ажиллаж, жолооны үнэмлэх хэвлэж байгаа юм байна.

Та Цагдаагийн ерөнхий газрын http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноо буюу жолоодох эрхийн лавлагааг авах боломжтой.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ