Эцгийг 99,99 хувиар бултах газаргүй тогтооно

“Гадаадын харьяатууд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх нь цөөнгүй. Ийм шинжилгээгбид бултах газаргүй болтол нь хийдэг” хэмээн ярих эл эрхмийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн дарга С.Ганболд гэдэг.

Эцэг тогтоох нь ДНХ-ийн шинжилгээгээр хийдэг нарийн, төвөгтэй, чимхлүүр, ёсзүй шаардсан, гагцхүү хуулийн заалтаар хэрэгжүүлдэг шинжилгээ юм байна. Гэхдээ энэ нь зөвхөн манай орны хувьд юм. Бусад улсад иргэн хүн эцэг мөн, бишээ хүссэн үедээ тогтоолгох боломжтой гэнэ. Хууль нь тиймээсл дээ. Өөрөөр хэлбэл, хэн бүхэнд нээлттэй гэсэн үг. Тиймээс тэнд ийм шинжилгээ хийдэг хувийн болон, эрдэм шинжилгээ, судалгааны лабораториуд олон гэх. Манайд ганцхан эднийх байдаг ажээ. Хөдөөгийнхөнд л баахан чирэгдэлтэй байж мэдэх. Энгийн нүдээр харвал, эцэг мөн, биш нь тийм чухал бус санагдаж болох. Гэвч хүний бүхэл бүтэн хувь заяа шийдэх тул, тун болгоомжтой хандах нь мэдээж. Хөрөнгө өвлөх, өвлүүлэх, тэтгэмж төлөх эсэх, хариуцлага хүлээх, хүлээхгүйн асуудал цаана нь бий. Манайд ийм шинжилгээг зөвхөн маргаантай тохиолдолд хийдгийг С.Ганболд ярив. Эцэг нь гэх нөхөр түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байх, татгалзах, бултах, зугтах зэрэгт нэхэмжлэгч буюу эх, түүний тал шүүхэд хандсанаар эхэлдэг юм байна. Шүүх түүнийг нь хэлэлцээд шаардлагатай гэвэл захирамж гаргаад гүйцэх нь тэр. Энэ байгууллага түүний дагуу шинжилгээний дүгнэлт гаргаад, маргааныг эцэслэдэг гэж ойлгоход болно. Зайлах аргагүйгээр 99,99 хувьтай тогтоодгийг ч мэргэжилтэн хэлэв. Цаад нөхөр эргэлзвэл хаана ч хандах эрхтэй. Хэрэв хаа нэгтэй шинжлүүлээд хариу нь зөрвөл хариуцлагыг бид бүрэн үүрнэ. Манай гарагийн хаана ч шинжлүүлсэн биднийхээс өөр хариу гарахгүй гэж С.Ганболд итгэлтэй өгүүллээ. Гэхдээ тун ховор шинжилгээ гэдгийг хэлсэн шүү. Эднийх нэг журам хэрэгжүүлэх дөхөж байгааг дуулгая. Тэгвэл, хүссэн болгон эцэг мөн, бишээ мэдэх нөхцөл бүрдэх нь ээ. Гадны харьяатууд цөөнгүй ханддагийг ч ярилаа. Тэд монгол бүсгүйтэй суугаад хүүхэдтэй болчихсон хойно нь визийн зэрэг асуудал гарснаас голдуу ингэдэг аж. Хэрэв эцэг нь мөн бол визийн хугацааг сунгана гэдэг ч юм уу. Бас бус шалтгаан ч бий гэнэ лээ. Эх тогтоохыг ч мөн адил хийдэг бөгөөд маш цөөн гэв. Хулгайлагдсан, хулгайлсан, үрчилсэн, үгүй гэх маргаан таслахын тулд ёстой л өдрийн од мэт ховор тохиодгийг хүргэе.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ