Сэргээш шинжлэхдээ шагайчдыг ч хамруулъя

Наадам ойртсоны шинж янз бүрээр л илэрч байна. Төсвийг нь батлах гэж будилаад л, бөхчүүд ч бэлтгэлдээ гарлаа. Бөх, морь, сур, шагай болдгоороо болно. Бид ч нааддагаараа наадна.

Харин дараа нь нэг асуудал байнга яригдаж, он дамнасан шуугиан дэгдээдэг билээ. Тэр бол допинг буюу сэргээш юм. Өөрөөр хэлбэл, сэргээх чанарын эм, бэлдмэл хэрэглэсэн эсэх тухай яриа билээ.

Хэл амтай, ярьж хөөрдөг болохоороо бөхчүүд бай нь болдог. Манайхан ч тэднээс л шинжилгээ авдаг уламжлалтай. Харин спортын бусад төрлийг нь орхичихдог. Энэ зууны өнцгөөс харвал спорт бол спорт шүү дээ. Дэлхийн чиг хандлага ч тийм байна.

Олимпийн харти/баримтлах гол зарчим/-д зааснаар бол, олимп, дэлхий, тив, олон улс, өөрийн улсын чанартай буюу “А” зэрэглэлийн тэмцээнд оролцсон тамирчдаас сэргээшийн шинжилгээ авах ёстой. Тэгэхээр Улсын их баяр наадмаар зохиогддог “эрийн дөрвөн” наадмын тамирчдаас допингийн шинжилгээ авч таараад байгаа юм. Манайхан л бөхийг нь онцолж, бусдыг нь орхиж золигтдог зантай. Энэ жилээс өөрчлөлт, шинэчлэл хийсэн нь дээр байх аа.

Дэлхийн жишгийг дагавал дагасан шиг дагая. Олимпийн тоглолтын дүрмээр болъё л доо. Олимпод спортын 30 төрөл оролцлоо гэхэд сэргээшийн шинжилгээг тэнд өрсөлдсөн тамирчдаас алагчлалгүй авдаг биз дээ. Түүн шиг зөвхөн бөх гэлгүй, морь, сур, шагайчдыг хүртэл хамруулъя. Сэргээшийн шинжилгээний гадна оршдог тамирчидтай спорт дэлхийд ганц ч байхгүй.

Байнга сууж байдаг, үзэгчгүй ганц спорт болох шатарчдаас ч сэргээшийн шинжилгээ авдаг болжээ. Тиймээс “А” ангиллын тэмцээнд оролцож буй шатарчид тамхи татаж, кофе уухаа больжээ.Тэгвэл, явган суугаад, өвөр дээрээсээ шагай харвадаг нөхдийг орхиж үл болно. Юмыг яаж мэдэхэв, ямар нэг юм уучихаад, янзтай харваад байгаа ч юм бил үү? Сэргээшид яг ямар эм, бэлдмэл ордгийг сонирхсноос ордоггүйг нь хайвал бараг дээр байх.

Толгой өвдлөө гээд парацетамол уучихад л балрана шүү дээ. Тэгэхээр багш, дасгалжуулагч, эмч гэлтгүй тамирчид ч энэ талаар мэдлэгээ дээшлүүлбэл таарна. Манайхан элдвийг ууж, хэрэглэчихээд баригдахаараа “Хуучин гэмтэл сэдрэхээр нь өвчин намдаах эм уучихлаа” гээд улиг болсон юм яриад, хээв нэг зогсож байдгаа болих хэрэгтэй.

Тэр допингийг чинь дэлхий нийтээрээ хэрэглэдэг юм гэж маргах хүн байж магадгүй. Тэр нь үнэн. Тэгэхдээ, тунг нь тааруулдаг юм. Ид ачаалалтай бэлтгэлийн үедээ хэрэглээд, оролцох тэмцээнээ эхлэхээс өмнө биеэс бүрмөсөн гарах хугацааг нь нарийн тооцдогийг хэлье.

Улсын наадамд оролцох тамирчид сэргээшээ энэ сарын сүүлч гэхэд биеэс бүрэн зайлсан байхаар бодож хэрэглэнэ гэсэн үг. Тэгвэл асуудалгүй л дээ. Түүнээс биш асар их ачаалалтай бэлтгэл хийдэг тамирчдыг сэргээш огт бүү хэрэглэ гэсэн юм бас биш ээ. Сэргээшгүй, сэргэлтгүй бэлтгэл сүйрэл авчирдгийг бүгд мэднэ. Тиймээс сайн тооц. Бас дахин тооц. Шагайчид аа, тэмцээнийхээ үеэр өтгөн цай уувзай. Болдоггүй юм шүү. Эцэст хэлэхэд, бөхчүүдийнхээ шинжилгээг Солонгост баталгаажуулдгаа хэвээр байлгая. Бусдыг нь эндээ хийчихнэ биз. Шээсэнд юу байгааг гаргаад ирэх лаборатори эрхбиш манайд бий байх аа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ