Засгийн газар 12 сайдтай хуралдах уу

Мэргэжлийн засгийн газрын анхдугаар хуралдаан маргааш товлогдсон. Гэвч Засгийн газрын 16 гишүүний дөрөв нь дутуу байгаа. Үлдсэн сайд нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдан хэлэлцэж нэр дэвшигчдийг тодруулах ёстой. Гэвч өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсангүй. Хэзээ хуралдах нь одоо ч тодорхойгүй байна.

Хэрэв өнөөдөр энэ асуудал шийдэгдэхгүй бол мэргэжлийн Засгийн газар анхны хуралдаанаа 12-уулаа хийх бололтой. Харин бүрэлдэхүүнээ бүтэн болголоо гэхэд МАН-ын засаг танхимдаа давхар дээлтэн нэмэх үү, эсвэл гаднаас сайдтай болох уу гэсэн асуудал олны анхаарлын төвд байна.

Зарим байгууллагын төлөөллүүд өөрийн салбарын туршлага бүхий хүмүүсийг санал болгосоор байгаа. Тухайлбал, “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ-аас эрүүл мэндийн салбарыг удирдах төрийн сайдад Оном сангийн ТУЗ-ийн дарга доктор, профессор Д.Наранбаатарыг санал болгосон юм. Гэхдээ эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Цолмон бас л мэргэжлийн хүн бөгөөд тэрээр нэр дэвшигчдийн тоонд багтаж явна. Мөн Барилга хот байгуулалтын сайдад МБҮАссоциацийн дэд Ерөнхийлөгч Д.Өнөрболорын нэр дэвшээд байгаа. Түүнийг барилгын салбарынхан нь бүгд дэмжиж байгаагаа илэрхийлээд буй. Тэрээр мөн салбартаа мэргэшсэн хүн аж.

Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуягийн танхим 19 сайд, 16 яам, 11 давхар дээлтэй сайдтай ажилласан бол Шийдлийн Засгийн газар буюу Ч.Сайханбилэгийн танхим 19 сайд, 15 яам, 11 давхар дээлтэй сайдтай ажиллаж байлаа. Тухайн үед МАН давхар дээлийг эрс эсэргүүцэж байсан бөгөөд тэд энэ сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж олонх болсны хувьд давхар дээлийг олноор нь өмсүүлэхгүй байх нийгмийн хүлээлтийг харгалзан үзэх нь зайлшгүй. УИХ дахь АН-ын бүлэг улс төрийнхөө жам ёсныдагуу давхар дээлийг эсэргүүцэж, Ардын намаас "ам асууж" байгаа бол, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй МАН-ын цөөн гишүүд давхар дээлийн эсрэг ярьж байгаа юм. УИХ-ын нэгдсэн чуулганаар 11 сайдыг томилох үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Манай намынхан сайд нарын томилгоонд эрүүл саруул ухаанаар хандах хэрэгтэй. Зарим хүмүүс амбицаа татаж сурмаар байна. Үлдсэн дөрвөн сайдаар давхар дээлгүй хүмүүс оруулж ирээрэй." гэж хэлж байсан нь олны анхаарлыг татсан.

Салбараа хэн илүү сайн мэднэ, тэр салбартаа зөв бодлого тодорхойлно гэсэн олны итгэл үнэмшил хүчээ аваад байна. Ялангуяа Ерөнхий сайдын Мэргэжлийн тодотголтой Засгийн газар байгуулах амлалтыг хүн бүр дор бүрнээ анхааралтай ажигласаар байгаа юм. Үлдсэн дөрвөн сайдын босго харин хэр өндөр байхыг гагцхүү МАН мэдэх хэрэг. Тиймээс эдгээр салбарынхан эрх баригчдын шийдвэрийг хүлээх л үлдлээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ