Террорын ажиллагаануудад Меркелийг буруутгаж байна

Долдугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд Германы янз бүрийн нутагт нэг дор хэд хэдэн халдлага болсон юм. Үүнээс гурвыг нь цагаачид үйлджээ. Нийгмийн сүлжээнд Ангела Меркелийн бодлогод дургүйцэх явдал газар авч байна.

Долдугаар сарын 18-ны орой сүх, хутга агссан Афганистаны дүрвэгч галт тэргээр явж байсан зорчигчдод халдаж, дараа нь долдугаар сарын 22-нд Иран гаралтай германы иргэн Мюнхен хотын худалдааны төвийн үйлчлүүлэгчдийг буудаж, долдугаар сарын 24-нд Сирийн дүрвэгч Ройтлинген хотод яргалал үйлдэж, дараа өдөр нь амиа золиослогч этгээд Ансбах хотын ресторанд өөрийгөө дэлбэлсэн юм.

Тус орны иргэд нийгмийн сүлжээгээр эдгээр хэрэгт Германы канцлер Ангела Меркелийг буруутгаж байна. Үүнтэй холбогдуулан Twitter-т #Merkelsommer (Меркелийн зун) гэсэн хэштег их нэртэй болжээ. Эдгээр халдлага нь цагаачлалын бүтэлгүй бодлогын үр дагавар болсон юм гэж нийгмийн сүлжээг хэрэглэгчид үзэж байна.

“Засгийн газар олныг хамарсан ямар ч хяналтгүй цагаачлалаар улс орныг сүйтгэлээ. Засгийн газрын гишүүн бүр шүүхэд очих ёстой”, “Меркель хүйс тэмтрэх бодлого баримталж байна”, “Би энэ бодлогод залхаж гүйцлээ”, “Хилийг нээлттэй болгосны горыг бид амсаж байна” гэж нийгмийн сүлжээ хэрэглэгчид бичжээ.

Тус оронд аж төрж байгаа 410 орчим дүрвэгч террорист байж болохыг өмнө нь Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. Ингэхдээ бүр тавдугаар сарын дундуур ийм 369 цагаачийн тухай яриа болж байжээ. Үүнтэй холбогдуулан, террорын бүлэглэлүүдийн хуучин гишүүд идэвхижиж болохыг эрх баригчид сэрэмжлүүлж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ