ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд, цаашид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Син Хаймин Гадаад харилцааны сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын шинэ Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн зүгээс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд ирүүлсэн баяр хүргэсэн захидлыг гардуулав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын баярын цахилгаан утас гардуулж, мөн өөрийн зүгээс баяр хүргэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар, мөн энэ жил тохиож буй Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцов. Түүнчлэн манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 20 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах хугацааг ойрын үед тохирч, бэлтгэл ажлыг хангах нь чухал гэж үзэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ