АН-ынхан “алив бос”

МАН сайдуудаа тодруулж сайн муу шүүмжлэлд ээрэгдэх хооронд АН шинэчлэлийг ширүүхэн эхлүүлнэ гэсэн хөдөлгөөний ирийг зөөллөж Их хурлаа товлоод түр зоггсолт хийжээ. Нэг зүйлийг сануулахад 20 гаруй жилийн өмнө ардчилал дөнгөж үүсч байх үед одоогийнх шиг АН-ын төлөө цээжээ дэлддэг, амаа эцтэл ярьдаг баатрууд бараг байсангүй. АН-тай ойрхон холбогдохоос хүмүүс айдаг ч байлаа. Өнөөдөр энэ намыг л боддог, өөрчилнө шинэчилнэ гэсэн омог бардам хүмүүс даанч олноороо цуглараад дуртай юмаа ярьдаг болсон мэт. Ямар ч байсан ҮЗХ–ны хурлаас АН-ын Их хурлынх нь тов гарчээ. Бүтэн 8 жил буюу хоёр сонгууль давахад намын их хурлаа хуралдуулаагүй гэнэ. Ардчиллаар овоглосон нам ямар их ардчилалгүй явж ирснийг, жирийн гишүүдээсээ дэндүү хол хөндийрснийг энэ баримт харуулна. Өндөр такс татаастай ҮЗХ–ны баян гишүүд нь энэ намын дээд эрх мэдлийн төлөө талцан тэмцэлдэж, их хурлаа завсардуулсаар иржээ. Энэ ужиг хагарал нь төр барих цагт нь тархийг нь барьж сонгуульд ялагдлаа. Намын дээд удирдлага, мафижсан фракцуудын мөчөөрхөл нь АН-ыг чанга унагаалаа. Энэ бүхний араас ялагдлын шокондоо хэт автсан АН-ынхнаас өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн ажлаа хамгаалж үргэлжлүүлэхийн төлөө дуугарах хүн бараг гарсангүй. Цухас дурдья.

АСЕМ сайхан болсон. Монгол нүүр бардам гарлаа. Ард нь АН-ын засгийн газар, түүний сайд нар байгуулсан ажлын хэсгүүд байсан. Аяга айраг эргүүлж, өрөөл махаа ачаад зуслан давхицгаалаа. Бөглөрөө донсолгоо алга сайхан. Шинэ замдаа иргэд сэтгэл ханамжтай байлаа. Нийслэлийн АН-ын багийнхны хийж дуусгасан ажил. Хөвсгөл далай руу давхиад ирэхийг Налайх орохын дайтай л энгийн ярих болж. Н.Алтанхуягийн засгийн газрын санаачлагаар хамгийн урт км замыг цааснаас газарт буулгаж чадсан гавьяа АН-тай бичигдэн үлдсэн.

Цемент зэргийг өөрсдөө хийж барилгын үйлдвэрлэл Хятадын хараат зах зээлээс холдож орон сууц хямдрах алсын суурийг тавьсан. Үйлдвэрлэгч болж өөрсдөө болгоод амьдраад байх итгэл болоод бодит бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.

Газар тариаланд жимс ногооны жижиг тариаланчдыг үр тариаланчидтай адилхан үзэж төрийн дэмжлэг хөнгөлөлтөд хамруулсан. Насан туршдаа амьдарсан буурлууд үлдсэндээ тэтгэврээ өвлүүлж цайны сүүтэй амьдрах боломжийг олгосон хуулийг санаачилж батлуулсан. Малчдыг нийгмийн даатгалд хамруулж, ажилласан жилийг 1.2 жилээр бодох хуулийг гараас гаргасан. Оюутнууд сургалтын төлбөрөө ажлын байрнаасаа төлөхөөр болж эцэг эхийнхээ нуруунаас намар намрын том ачааг хөнгөлөх боломжтой болсон нь яг энэ өдрүүдэд бодитойгоор хэрэгжиж байна. Хууль эрх зүйн орчны цогц өөрчлөлтийг эхлүүлж эрүүгийн болон зөрчлийн хуулийг зааглан өөрчлөлт оруулж, ЭБШ хуулинд хүний эрхийг хангах заалтуудыг суулгаж, гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн орчиныг бий болгосон.

Энэ бүхний ард гарчихаад сонгуульд унасан алдааг дээр дооргүй хайж Н.Алтанхуягийн Засгийн газраа авч үлдээгүйн зөв бурууг нэхэн хэлэлцэж шуухитнаад хэрэггүй юм. АН-ын эхлүүлсэн зөв ажлууд болоод ухаанаа гээсэн удирдлага, толгой баячуудынх нь хэтэрсэн шунал, тэвчээргүй хагарал хоёрын зөрүүд тэнцүүлж өгсөн ард түмний сайшаал, зэм хоёрыг бүтэн дааж АН одоо босох хэрэгтэй. Хэлбэрийн бус төгс ардчилалд хүрэхийн тулд бусдадаа үлгэрлэх хэрэгтэй.

Б.Ихэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ