Канадын Зүүн эргийн гайхамшгаас

Канад орон кино хийх тал дээр Америктай дүйцэхгүй ч Холливуудын олон олон киноны зураг авалт Канадад хийгдсэн байдаг. Жишээ нь энэ жил Оскар хүртсэн Леонардогийн тоглосон 'Revenant' киноны зарим зураг авалт Албертад, алдарт Титаникийн ихэнхи зургийг Канадын зүүн эрэгт авсан гээд дурдвал олон бий. Саяхан "Шэй Ди Ак" гэдэг гайхалтай сайхан далайн эрэгт амраад ирлээ. Мэдээж байгаль нь гайхамшигтай (та бүхэн Sheaidac canada гээд google-ээр хайгаад үзээрэй.) Энэ эрэг дээр холливуудын оддын дууны клипүүд хийгддэг юм гэнэ.
Нүд булаам сайхан цэцэгс,өвс ургамал, тохилог сандал, ширээ, үнэгүй нийтийн душ, усанд орох, хувцас солих газар, цангаа тайлах үнэгүй цэвэр ус, нүд баясгах сайхан хауснууд, Канадын өнцөг булан бүрээс мөн Америкаас ирсэн завь, усан онгоцууд, хуучин загварын ганган машинууд, ер нь юм бүхэн энд байна.
Хамгийн гол нь энэ бүх үйлчилгээ бүтэн өдөрт ердөө 13 доллар. Хөгжил гэдэг бол '' ЮМ БҮХНИЙГ ХҮН БҮХЭН ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ'' юм байна гэж эндээс харагдаж байлаа. 13 доллар бол Канадын хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм. Энэ бол хөгжил тийм үү?
Канадын зүүн эргийг таньж мэдэх аялалаа үргэлжлүүлж Хойд Америк тивийн 7 гайхамшгийн нэг үзэсгэлэнт Алма хот Hopewell Rock, Канадын зүүн эрэг Фандий гэдэг амралтын газар дахь дэлхийн гайхамшиг Монгол гэрийг үзлээ.
Мөн Аватар кинон дээр гардаг шиг ой хөвч, нуур, хангай нутгийн их, бага цутгалан шиг хүрхрээг үзэж болно. Энд нэг л зүйл өөрийн эрхгүй анхаарал татаж байлаа. Зүүн эрэг бол гайхалтай найрсаг юм. Зөрөөд өнгөрөх хүн бүр мэндчилэх нь юутай таатай.
Надад төрсөн нэг бодол бол Монголд маань олон нийтэд зориулсан олон машины зогсоолтой, хангалттай олон хогийн сав, ариун цэврийн газартай BEACH буюу манайд бол гол мөрний эрэг зайлшгүй хэрэгтэй.
Бидэнд ч бас гайхуулах, бахархах зүйл маш их бий. Монголчууд минь ч гэсэн найрсаг зочломтгой улс. Манайхан зөв бодлогыг хэрэгжүүлж, сайн маркетинг хийж чадвал жуулчдыг соронзон мэт татах асар их нөөц боломж байгаа.
Дашрамд сонирхуулахад, зургадугаар сарын 24-нд Канадад нээлтээ хийсэн 'Independence Day' гэдэг холливудыг шуугиулаад байгаа харь гаригийн тухай зөгнөлт киног үзлээ. Хятадууд Холливудыг эзэмджээ хэмээх бодол төрөв. Учир нь Meng niu буюу 蒙牛 гэсэн хятад бичигтэй сүүг сансрын хөлгийн нисгэгчид ууж, Хятадын далбаа хэд хэдэн удаа үзэгдэж, гол дүрийн хятад гаралтай хоёр жүжигчид хятадаар ярих бөгөөд QQ апликеишнийг хэрэглэж байлаа.
Б.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ