Өндөр настныг дээрэмдсэн этгээдүүдэд 5-6 жилийн ял оноов

Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны орцонд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өндөр настан иргэн Ц-г хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн А.Б, Э.М, Л.А нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 22-ны өдөр болж улсын яллагчаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг оролцлоо.

Шүүхээс А.Б, Э.М, Л.А нарыг бүлэглэн, бусдын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултай аргаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т 5 жил 1 сарын хорих, Э.М-д 5 жил 1 сарын хорих, Л.А-д 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оноож ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэжигтэн Б, М, А нар нь 24 цагийн авто угаалгын газар ажилладаг бөгөөд хөдөө орон нутгаас өнгөрсөн оны 10 дугаар сард нийслэлд ирж суурьшжээ. Өндөр настныг дээрэмдэх болсон шалтгаанаа мэдүүлэхдээ согтуу байсан бөгөөд нэмж архи уухын тулд энэ хэргийг үйлдсэн гэжээ. Тэд энэ хэргийг үйлдэхээсээ өмнө Чингэлтэй дүүргийн Таван буудлын ойролцоо бусдыг бүлэглэн зодсон нь тогтоогдсон байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ