Азтай Ерөнхийлөгч Нобелийн шагналын өнгө үзнэ

Монголоос Нобелийн шагналтан төрөх цаг удахгүй бололтой. Монгол Улсын гавъяат эмч, доктор профессор М.Амбага NCM буюу шинэ анагаах ухааныг бүтээсэн. Энэ бол түүний 35 жилийн нөр их хөдөлмөр. Хүн төрөлхтний анагаах ухааны сэтгэлгээнд хоёр том анагаах байдаг. Нэг нь 3-4 мянган жилийн түүхтэй дорно дахины уламжлалт анагаах ухаан, нөгөөх нь 300-400 жилийн настай орчин цагийн анагаах ухаан. Гэвч эрдэмтэд энэ хоёр анагаах ухааныг одоо хүртэл хооронд нь холбож чадаагүй. Тэгвэл доктор М.Амбага NCM хэмээх цоо шинэ мэдлэгийн ачаар хүний биеийн тухай ойлголтод хувьсгал хийснийг анх Европт халуунаар хүлээн авчээ.

Тэр амьд биеийн эсийн загварчлалыг цоо шинээр томъёолж, шинэ анагаах ухааны үндэс суурийг тавьсан юм. Товчхондоо ганцхан тэгшитгэл гэж хэлж болно. Биологийн салбарын Нобелийн шагналт эрдэмтэд энэ шинжлэх ухаанд шинэ хүч өгөхгүй бол суларч байна гэж хэлж байна. Тэр хүчийг М.Амбага өгөв. Түүний тэгшитгэлийг анагаахын эрдэмтэд үг дуугүй зөвшөөрсөн лугаа дэлхий нийт ч хариу өгөх нь гарцаагүй.

Нострадамусын мянган зөгнөлд Монголын талаар “Ертөнцийн суурь онол”-ыг “Э”-гээр эхэлсэн нэртэй жүүд /монгол/ хүн шинэ мянганы босгон дээр нээнэ гэснийг “IQ” төвийн тэргүүн, доктор Б.Дэмбэрэл нэгэнтээ хэлсэн юм. Шинжлэх ухаанд гарсан бүхий л онол, хууль өнөөдөр гацаанд оржээ. Аугаа А.Эйнштейн амьсгал хураахынхаа өмнөхөн “Ертөнцийн гарал үүслийг нэгдсэн онолоор л тайлбарлана. Бусад онол, хуулиуд жижиг, сажиг зүйлс” гэжээ.

Харин судлаач, сэтгүүлч Ч.Эрдэнэ амьдралынхаа 50 жилийг зольж байж. “Супер нэгдлийн онол”-оо цэгцэлсэн байна. Томьёолбол, математик цэг гэдэг ойлголт физик цэгтэй хоршин давхцах үед ертөнц яаж үүссэнийг бид хэмжиж чадна. Огторгуй, цаг хугацаа огтлолцоно. Ингээд, огторгуй- цаг хугацаа, огторгуй- цаг хугацаа гэх нэг нь байхад, нөгөө нь орших мөнхийн хосмолжин /хөдөлгөөн/ үүсэх юм байна. Түүнийг хэмжихэд, Q3,i1=5,3 гэсэн төгсгөлгүй тоо гарахыг л манай хүн олчихож. Энэхүү онолын баталгаа болох, товхимлоо удахгүй АНУ-д хэвлүүлснээр “Супер нэгдлийн онол”-оо дэлхийд зарлана. Дэлхий дахин хүлээн зөвшөөрвөл монголчуудыноюуны ноёрхол тогтох юм байна.

Саяхнаас Германы Франкфуртын их сургуулийн эрдэмтэд ирэх оны Нобелийн шагналыг авах нь тодорхой болсон тухай гадаадын хэвлэлүүд шуугиж эхлэв. Учир нь тэд хамгийн үнэт эрдэнийн чулуу алмааз буюу маргад эрдэнэ үйлдвэрлэх аргыг нээсэн юм. Байгалийн шинж чанараараа хамгийн хатуу энэхүү чулууг хиймэл аргаар гаргаж авахын тулд монгол эрдэмтэн Б.Лхамсүрэнгийн ахалсан баг бусад орны эрдэмтдийн сүүлийн 60 жилийн уйгагүй өрсөлдөөнд ялж чадав. Герман даяар шуугиулж, удахгүй дэлхийг байлдан дагуулах нээлтийн эзэн, Билл Гейтсээс ч баян болох 38 настай монгол залууг бүсгүйчүүд мөрөөдөж байна гэсэн хөгжилтэй яриа ч таржээ. Шинжлэх ухаанд оргил гэж байдаггүй болохоор Б.Лхамсүрэн шохойн чулуунаас алмааз гаргаж авснаасаа ч илүү том нээлт хийхийн төлөө ажиллаж байна.

Монгол Улс таван жилийн өмнө олимпийн аваргатай болсон. Н.Түвшинбаярын араас паралимпийн аварга Д.Баатаржав төрсөн. Одоо Нобелийн шагналтан бүр гурваар мэндлэх ирээдүй тосч байна. Энэ алтан мөчийг одоо сонгогдох азтай Ерөнхийлөгч үзэж магадгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ