Эхнэр чинь юу хийгээд явааг хааяа ч болов сураглаж баймаар юм

Сонин, хачин гэдгийг чинь энэ долоо хоногт ханатлаа сонсож, дууллаа. Ямар ч байсан “Гэртээ ирсэн Батаар” хүмүүстэй уулзана гэж байна. Сайхан хэрэг. 70 сая жилийн настай Батаар ёроолгүй халаастнуудын балгаар хил дамнан алга болох дөхсөн. Гэхдээ яаж ийж байгаад эргээд ирчихлээ. Тийм болохоор олны хөлд даруулж байгаад ч хамаагүй мэнд мэднэ гэж бодож байна.
Уг нь тэр нэг хэрэг шуугиан тариагүй байсан бол манай Батаар долоо хоногийн “од” болох байлаа. Нөгөө Ё.Отгонбаяр болон түүний эхнэрийн тухай дуулиан. Төрийн сайд асан, УИХ-ын эрхэм гишүүн хөдөө нутгаар ажилтай байх хооронд эхнэрийг нь мөнгө угаасан байж тун болзошгүй гээд бариад хорьчихсон.
Бүгд дор бүрнээ яав, ийв болцгоон биенээсээ сураглаж, энэ асуудлын учгийг олоод сонсчих санаатай бужигнаж байтал гишүүн нийслэлд ирмэгцээ цахим ертөнцөөр гайхалтай мэдэгдэл хийсэн нь олныг цочроолоо.
Тэрбээр энэ талаар юу ч мэдэхгүй, яасан мөнгө, эхнэр яав гэж гайхсан, бантсанаа илэрхийлж, энэ талаар шуугисан бүхнийг шүүхэд өгөх тухай ч хэлээд авав. Үнэндээ хачин санагдаад байгаа юм. Эхнэр нь дөрвийн дөрвөн банкинд, бүхэл бүтэн 21 данс эзэмшиж, түүгээр дамжуулж 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг эргэлдүүлчихсэн талаар шуугиад байхад энэ талаар мэдээ ч үгүй байсан гэнэ.
Тэгснээ болоогүй ээ, 300 сая төгрөгийг 300 сая ам.доллартай андуурсан байж мэднэ ухааны юм ярьснаар олны элэг доог болж гүйцлээ. Ямар ч байсан Нийслэлийн прокурорын газраас О.Эрдэнэсолонготой холбогдуулан мэдээлэл хийсэн ба мөнгөний хэмжээг дурдсангүй. Гэхдээ л үлэмж хэмжээний мөнгө гэдгийг онцолсон.
Бас Ё.Отгонбаяр одоогоор эхнэртэйгээ уулзах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй гэдгийг ч хэлсэн. Ингэснээр түүнийг олон нийт “Хүн чанаргүй”, “Хүйтэн сэтгэлтэй” , бараг л хайр сэтгэлгүй гэж муучлав.
Гэтэл бас үүнтэй холбогдуулан монгол эрчүүдийн талаар нэг яриа гарлаа. Юу гэвэл, монгол эрчүүд эхнэртээ хэтэрхий базуулсан, хаагуур юу хийгээд, хэнтэй байгааг нь мэдэхээ бүр больсон гэж байна. Тэр ч бүү хэл, хэний охиныг авч сууж байгаагаа ч мэдэх аргагүй болтлоо донгио болсон ч гэх шиг.
Эхнэр нь нийслэлийн нэг жилийн төсвөөс ч их мөнгө 20-иос дээш тооны дансаараа эргэлдүүлчихээд байгааг, бас хадам талд нь төрийн том дарга байдгийг мэдээгүй гэдгээ олны өмнө хэлээд буй нь бүсгүйчүүдэд бол өөрөөр бодогдмоор.
Хэдэн жил тоонотой гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбочихоод хэвлэлийн бага хурал зарлан “Би эхнэрийн ах нь дарга байсныг мэдээгүй. Тэгээд ч яг эхнэр биш. Яагаад гэвэл бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй”, эсвэл “Эхнэрт тийм их мөнгө байсныг ёстой мэдсэнгүй. Сонин юм аа” гэж хаяагаа манаад байгаа нь монгол эрчүүдийн нийтлэг чанар биш байгаасай.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ