2011-2012 онд шинээр баригдаж буй барилга байгууламжид хийсэн шалгалтын үр дүн

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/21 тоот удирдамжийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011-2012 онд шинээр баригдаж буй барилга байгууламжинд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай”, “Эрчим хүчний тухай” хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалтыг хийж,үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангахад зорилгоор шалгалтыг 2013 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 11, 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд тус тус хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд хамрагдсан асуудлууд

Хяналт шалгалтанд хамрагдах объектыг түүвэрчилсэн байдлаар сонгосон ба шалгалтанд Улаанбаатар хот болон 4 аймагт баригдаж байгаа 16 объект, 27 аж ахуйн нэгж байгууллага, 36 инженер техникийн ажилтан хамрагдлаа. Мөн 12 объектын барилга угсралтын ажилтай газар дээр нь танилцаж, 13 объектын зураг төсөл болон бусад холбогдох материалыг, 15 объектын төсөв, гүйцэтгэлийг шалгаж, 2011-2012 онд захиалагчийн хяналт хийсэн объектуудын ажлын явц, чанар байдлын талаар Аймгийн Мэргэжлийн Хяналтын барилгын техникийн хяналтын улсын байцаагчдаас судалгаа мэдээлэл авсан болно.

Шалгалтанд хамрагдсан объектын талаарх товч мэдээлэл

1. Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/-ны захиалгаар баригдаж байгаа барилга байгууламжинд хийгдэх захиалагчийн хяналтыг тус яамны Барилга захиалагчийн ажлын алба /БЗАА/ хэрэгжүүлж байгаа бөгөөд тус алба нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан/хуучин нэрээр/-ы сайдын 2008 оны 12 дугаар сарын 04-ний 107 тоот тушаалаар батлагдсан “Барилга захиалагчийн ажлын албаны дүрэм”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, 2012 оны 09 дүгээр сараас эхлэн шинэ удирдлага, шинэ бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн байна. 2012 онд Спорт, соёл урлаг, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн чиглэлийн барилга байгууламжинд хийх хяналтын ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын болон Хөдөлмөрийн яаманд шилжүүлжээ.

Тус алба нь 2011 онд 190.4 тэрбум.төг-ийн төсөвт өртөг бүхий 180 объектын 77.5 тэрбум.төг-ийн барилга угсралтын ажилд, 2012 онд 169.7 тэрбум.төг-ийн төсөвт өртөг бүхий 174 объектын 82.6 тэрбум.төг-ийн барилга угсралтын ажилд хяналт тавьж, нийт 121 объектыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Мөн 2013 онд орон нутагт 164, Улаанбаатар хотод 65, нийт 229 объектын 114.87 тэр.бум.төг-ийн барилга угсралтын ажилд хяналт хийгдэхээр төлөвлөгджээ. БЗАА-ны 2011-2012 онд хяналт хийсэн объектуудын дундажаар 74% нь аймгуудад баригдаж байгаа бөгөөд эдгээрт тавих захиалагчийн хяналтыг Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай гэрээ байгуулан хэрэгжүүлдэг байна.

2. Шалгалтаар СХД-т “Интеко инженеринг” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640, БЗД-т “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 960, “Немон констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640, “Сити палас” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, “Хөвсгөл геологи” ХХК, “Хан хөхий” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 1000 оюутны байр, “Баз констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа цэцэрлэг, Баянгол дүүрэгт “Тэд констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 320, “Цаст констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, ЧД-т “Вайт мүүн лайт” ХХК-ийн гүйцэтгэж байгаа спорт заал, ХУД-т баригдсан “Аганист” ХХК-ийн гүйцэтгэсэн 320, Говьсүмбэр аймагт “Назу” ХХК-ийн гүйцэтгэсэн 640 суудалтай сургуулийн барилгуудын угсралтын ажилтай танилцаж, 13 объектын холбогдох материалуудыг судалж, 15 объектын төсөв, гүйцэтгэл зохиосон байдлыг болон ажил гүйцэтгэх гэрээнүүдийн биелэлтийг шалгав.

Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал:

1. Хяналт шалгалтын явцад Барилга, хот байгуулалтын яамны 2013 оны 03 дугаар сарын 21-ний 6/803 тоотоор тавьсан хүсэлтийн дагуу Говьсүмбэр аймагт “Назу” ХХК-ийн гүйцэтгэж, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр улсын комисс ажилласан, 640 суудалтай сургуулийн барилгын ажилтай танилцаж, албан шаардлага гаргаж хүргүүлэв.

2. БГД-т “Цаст констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 суудалтай сургууль, БЗД-ийн “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 92-р сургуулийн өргөтгөлийн барилгуудын “Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм 22.01.01*/2006”-ийн 3.29 дэх заалтын шаардлагыг хангаагүй өрсөн хануудыгбуулгуулах арга хэмжээ авсан.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил:

Шалгалтанд хамрагдсан барилга байгууламжинд нийт 95 зөрчил илэрснээс 17.8 хувь нь бичиг баримтын, 11.6 хувь нь зураг төслийн, 46.8 хувь нь угсралтын ажилд, 23.8 хувь нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд илэрсэн бөгөөд газар дээр нь зөрчлийн 25%-ийг арилгуулах арга хэмжээг авав.

Техникийн бичиг баримтын бүрдүүлэлтэнд илэрсэн зөрчил:

1. Барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй болон тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан байгууллагаар гүйцэтгүүлж байгаа, Үүнд: БГД-ийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгч “Цаст констракшн” ХХК-ийн өрлөгийн ажлыг хийлгэж байгаа “Хасу цамхаг” ХХК

2. Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж байгаа, Үүнд: “Немон” ХХК,“Интеко инженеринг” ХХК, “Баз констракшн” ХХК.

3. Техникийн нөхцөлгүйгээр зураг төсөл боловсруулж, техникийн нөхцлийн хугацааг сунгуулаагүй байгаа, Үүнд: “Хөвсгөл геологи” ХХК-ийн барьж буй 92 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга дулааны техникийн нөхцөлгүй, “Вайт мүүд лайт” ХХК-ийн барьж буй 61 дүгээр сургууль, “Цаст констракшн” ХХК-ийн барьж буй БГД-ийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны техникийн нөхцлийн хугацааг сунгуулаагүй, “Баз констракшн” ХХК-ийн барьж буй цэцэрлэгийн барилга дулааны техникийн нөхцөлгүй, цахилгаан, цэвэр, бохир ус, холбооны техникийн нөхцлийн хугацааг сунгуулаагүй.

4. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийн газар олголтын асуудал Улаанбаатар хотод хүндрэлтэй байгаагаас барилгын ажил удаашрах, хугацаандаа баригдахгүй байх асуудлууд байнга гарч байна. Үүнд: СХД-ийн 24 дүгээр хороонд баригдаж буй сургуулийн барилгын газрын байршил 3 удаа солигдсон ба одоогийн байрлалд газар олголтын захирамж албан ёсоор гараагүй, мөн сургуулийн хашаа нь айлын газартай давхцаж байна.

5. Шалгалтанд хамрагдсан гүйцэтгэгч байгууллагуудад барилгын талбайн журналд угсралтын ажлын явц, ил, далд ажлын акт хийсэн тухай болон угсралт хийгдсэн тухайн ажлыг зураг төслийн аль хэсгийн зургаар, ямар техникийн нөхцөл, стандартаар, ямар мэргэжлийн хэн гэдэг ажилчин гүйцэтгэсэн, уг ажлыг шалгаж хүлээн авахад чанарын ямар түвшинд гүйцэтгэгдсэн болох, бетоны цутгалтын чанар, түүний шинжилгээний үр дүнгийн талаар тодорхой тэмдэглээгүй, зохиогч болон захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаагүй, далд ажлыг фото зургаар баталгаажуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн,

6. “Аганист” ХХК-ийн барьсан 32 дугаар сургуулийн барилгыг байнгын ашиглалтанд оруулахаар 2009 оны 09 дүгээр сарын 28-нд ажилласан улсын комиссын акт одоо хүртэл албан ёсоор баталгаажаагүй /улсын комиссын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн/, ашиглалтын явцад илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар одоо хүртэл ямар нэг арга хэмжээг аваагүй байна.

Мөн Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэгч “Назу” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 13-нд ажилласан улсын комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх талаар өнөөг хүртэл арга хэмжээ аваагүйгээс ашиглалтын шаардлага хангахгүй болж, ашиглагч байгууллагад хүндрэл учирсаар байна.

Зураг төсөлд илэрсэн зөрчил:

1. СХД-ийн 24 дүгээр хороонд баригдаж байгаа 640 суудалтай сургуулийн “Мон мос” ХХК-д боловсруулсан/ 008/2004 тоот/ нэг маягийн зургийн суурийн холболтын зураг төсөлд магадлал хийлгээгүй байгаа. Мөн тус барилгын буурь хөрс нь хүчтэй овойлттой хөрсөнд хамаарч байгаа бөгөөд барилгын суурь овойлтын бүсэд суухаар төлөвлөгдсөн нь хийцийн бат бэхийн шаардлагыг хангахгүй болж “Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төслийг зохиох БНбД 2.02.01-94”-ийн 7 дугаар бүлгийн заалтуудыг зөрчин, угсралтын ажил хийгдэжбайна.

2. ЧД-ийн 61 дүгээр сургуулийн спорт заалны барилгын “ТГТ” ХХК-д боловсруулсан зураг төсөлд металл ферм ба баганын уулзвар, зангилааг харуулсан зураг, материалын түүвэр байхгүйгээс угсралтын ажлыг хэрхэн хийх нь тодорхойгүй, “Цэнхэр төхөм” ХХК-д боловсруулсан БГД-ийн 22-р сургуулийн өргөтгөлийн барилгын бүтээцийн /ББ/ хэсгийн суурь суулгалтын зураг төсөлд зэргэлдээх хуучин сургуулийн барилгатай нийлж байрлах хэсгийг харуулаагүй, мөн барилгуудын суурийн суултын зөрүүгээс хамгаалах арга хэмжээг тусгаагүй, зарим узель, деталийг харуулсан зураггүй, тэнхлэг тэмдэглэгээ дутуу, шатны хонгилын хаалганы хэмжээ 90 см хэмжээтэй байгаа нь галын аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй болж төлөвлөгдсөн, зургууд хоорондоо уялдаагүй байгаа,

3. СХД-ийн 27 дугаар хороо, 640 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэгч “Интеко инженеринг” ХХК нь зохиогчоос өгсөн албан ёсны зөвшөөрөлгүйгээр батлагдаж хянагдсан зураг төслийг өөрчилж, дам нуруунаас гарсан угсармал хавтанд бэхлэгдэх бүс бетоны арматурын гаргалгааг тайрч бетоны ажлыг гүйцэтгэсэн, мөн гадна хаалганы саравчийн төмөр баганыг 38.0см х 25.0см тоосгон багана болгон өөрчилж угсралтын ажил хийсэн.

4. “Цэнхэр төхөм” ХХК-д боловсруулсан Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн барилгын ажлын зураг төсөлд урлаг соёлын заалыг хавиргат хавтан хучилттай байхаар төлөвлөснийг өөрчилж металл рамтай, сендвич хавтан хана, хучилттайгаар угсралтын ажлыг гүйцэтгэсэн ба хананд сендвич хавтан хэрхэн суух, эдгээрийн уулзвар, зангилааг харуулсан зураг, материалын түүвэрзураг төслийн бүрдэлд байхгүй, мөн зураг төсөлд төлөвлөлтийн оновчтой бус шийдлүүд нилээдгүй байхад магадлал хийж баталгаажуулсан. Үүнд: а/ Сургуулийн 4 блок барилгын дээврийн усыг барилгуудын дунд тал руу зайлуулахаар төлөвлөхдөө дотор талбайд хуримтлагдсан усыг хэрхэн гадагшлуулах шийдлийг тусгаагүй. б/ Спорт заалыг зэргэлдээх барилгатай уялдуулаагүй, заалны барилгын дээврийн усыг хэрхэн зайлуулах шийдлийг тусгаагүй тул угсралтын явцад хүндрэл гарч хичээлийн байр, биеийн тамирын заалны барилга хоорондын ханын завсраар хур борооны ус байнга гоожиж хийц бүтээцүүдийн чанарт сөргөөр нөлөөлсөн. Мөн сургуулийн барилгын халаах хэрэгсэл болон салхивчийн системийн угсралтыг тооцоо, судалгаа, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн,

5. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 640 суудалтай сургуулийн нэг маягийн ажлын зургийн төлөвлөлтөд гарсан өөрчлөлтийн зураг төсөлд магадлал хийлгээгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн,

6. “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БЗД-ийн 92 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын гадна дулааны шугамын ажилд гүйцэтгэлийн зураг төсөл байхгүй байгаа,

7. Гадна цахилгаан хангамжийн ажлыг зураг төсөлгүйгээр, мөн магадлал хийлгээгүй зураг төслөөр ажил гүйцэтгэсэн. Үүнд: “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БЗД-ийн 92 дугаар сургуулийн өргөтгөл, “Нимон” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БЗД-ийн 640 суудалтай сургууль, “Сити палас” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БЗД-ийн 640 суудалтай сургууль /ажлын зураг гэж “Жигүүр гранд” ХХК-ийн Гранд плаза цогцолборын ажлын зургийг хавсаргасан байсан/.

Угсралтын ажилд илэрсэн зөрчил:

1. Барилгын даацын үндсэн хийц бүтээцийн арматурчлалыг хийхдээ ажлын болон хөндлөн арматурын төсөлд заасан хэмжээг өөрчлөх, хөндлөн арматурын анкер, матаасыг дутуу хийх, арматурын хамгаалалтын үеийг нормын дагуу хийгээгүйгээс арматур ил гарсан, хөндлөн арматур хоорондын алхамыг ихэсгэх, бетоны нягтруулалтыг дутуу хийх, өрлөгийн ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлагуудыг зөрчих, бетон хийцийг хөлдөөх зэргээр барилга байгууламжийн даацын үндсэн хийц бүтээцийн ажиллах зарчмыг алдагдуулж, түүний бат бэхийг бууруулж байгаа нийтлэг зөрчлүүд илэрсэн. Үүнд: БЗД-ийн 8 дугаар хороо, “Немон констракшн” ХХК /албан шаардлага өгсөн/-ийн барьж буй 640 суудалтай сургуулийн барилгын “А” блокийн 1, 2 дугаар давхрын дам нуруу, хучилт, “Хөвсгөл геологи” ХХК -ийн барьж буй 960 суудалтай сургуулийн суурийн холбоос дам нуруу, “Интеко инженеринг” ХХК-ийн барьж буй 640 суудалтай сургуулийн барилгын 2 дугаар давхрын Н/14-16, Н/17-18 дахь тэнхлэгийн дам нуруу зэрэг бетон хийцүүд хөлдсөн тул буулгаж дахин цутгасан /албан шаардлага өгсөн/. Мөн “Интеко инженеринг” ХХК нь 2012 онд бүрэн гүйцэд цутгаагүйгээр дутуу орхисон даацын дам нурууны бетоны ажлыг энэ онд гүйцээж цутгасан нь “Цутгамал төмөр бетон бүтээц БНбД 52-02-05”-ын 4.12, 4.13 дахь заалтыг,

2. БГД-ийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан “Цаст констракшн” ХХК нь Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2011 онд дууссан туслан гүйцэтгэгч “Хасу цамхаг” ХХК-иар, БЗД-ийн 92-р сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч “Хөвсгөл геологи” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй иргэдээр барилгын өрлөгийн ажлыг тус тус гүйцэтгүүлсэн, мөн СХД-ийн 24 дүгээр хороонд баригдаж буй 640 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэгч “Интеко инженеринг” ХХК нь барилгын суурийн болон 1-р давхрын каркасын ажлыг туслан гүйцэтгэгч “Баянзүйл” ХХК-иар гүйцэтгүүлсэн цутгамал төмөр бетон дам нуруу хөлдсөн, 2 дугаар давхрын нийт баганууд 5см-10см хазайж, хүлцэх алдаанаас хэтэрсэн алдаа гарч хазайх зэргээр даацын үндсэн хийцүүдэд газар хөдлөлийн болон цутгамал төмөр бетон хийцийн норм, дүрмийн шаардлагуудыг ноцтой зөрчсөн зөрчлүүд илэрсэн нь Барилгын тухай хуулийн 16.8 дахь “Сонгон шалгаруулалтад орж барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн ажлыг бие даан гүйцэтгэнэ” заалт, 16.9 дэх “ ..үндсэн хийцийн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, ханын өрлөг орно” заалтуудыг тус тус зөрчсөн.

3. Барилгын гадна, дотор тоосгон өрлөгийн ажлыг гүйцэтгэхдээ стандартын шаардлага хангахгүй материал хэрэглэсэн, мөн норм, дүрмийн дагуу гүйцэтгээгүй зэрэг зөрчлүүд барилгын байгууллагуудад нийтлэг илэрч байна. Онцгойлон авч үзвэл: БЗД-ийн 92-р сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч “Хөвсгөл геологи” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй иргэдээр өрлөгийн ажлыг гүйцэтгүүлсэн.

4. “Сити палас” ХХК-ийн гүйцэтгэж буй 640 суудалтай сургуулийн спорт заалны зарим багануудыг 5 см орчим тэнхлэг алдаж цутгаснаас металл фермхазгай сууж, багана төвийн бус шахалтанд ажиллах болж баганын төслийн тооцоо зөрчигдсөн.

5. Барилга байгууламжийн чанар байдлыг АМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын байцаагчдаас шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулсан байна. Үүнд: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын сууринд суулт өгсөн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 560 суудалтай сургууль, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 150 ортой дотуур байрны барилгын суурь суулгалтын гүнийг зураг төслөөс дутуу суулгасан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 320 суудалтай сургуулийн барилгын сувгийн тагийг шалтай хамт цутгасан, Ховд аймгийн Булган сумын 320 суудалтай сургуулийн барилгын дүүргэгч хана, рам хоорондын зай алдагдсан, чигжээс хийгдээгүй, хамар ханыг хучилтанд бэхлээгүй, цахилгааны утасны голчийг зураг төслөөс зөрүүтэй хийсэн зэрэг зөрчлүүд илэрснийг засуулсан байна. Мөн НМХГ-аас энэ онд “Назу” ХХК-ийн 2011 онд барьж ашиглалтад оруулсан СБД-ийн 171 дүгээр цэцэрлэгийн барилгад шалгалт хийж, заслын ажлыг чанаргүй гүйцэтгэснээс коридор, шатны хонгил, анги танхимын цонхнуудын эргэн тойрон хана таазны замаска, шохой ховхорч унасан, ус халаагч, гал тогооны агаар сорох салхивч ажиллахгүй байгаа зэрэг зөрчлүүдийг илрүүлж, улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлсэн байгаа бөгөөд тус компаниас зөрчлүүдийг арилгах талаар арга хэмжээ аваагүй байна.

6. “Назу” ХХК-ийн гүйцэтгэсэн Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн урлагийн заалны сендвич хийцийн металл рамыг тоосгон хананд суулгахдаа анкер, бэхэлгээгүй, бетон зуурмаг дэвсэлгүй ханан дээр шууд тавьж байрлуулсан, мөн металл рамыг сендвич ханатай холбосонхэсгүүдийг будаж зэврэлт, галаас хамгаалах арга хэмжээг аваагүй, спорт болон урлагийн заалны ханын сендвичэн хавтангийн металл рамын хөшүүн холбоосуудын бэхэлгээ, боолтууд дутуу хийгдсэн, зарим газарт огт боолтгүйбайгаа нь барилгын үндсэн хийц болох металл рамын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар, бат бэхийг бууруулсан, барилгын суурийн хажуугаар хийсэн хөрсний нягтруулалтыг хангалтгүй хийсэн тул эргэн тойрны хаяавч бетон сууж, хананаас хөндийрсөн, 1-р давхарт даацын бус хананд хэвтээ хагарал гарсан, газардуулга, аянга зайлуулах төхөөрөмж, урлаг, спорт заал, анги танхимын гэрэлтүүлгийн монтаж, угсралт ашиглалтын шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн зарим ариун цэврийн өрөө болон хоолны зааланд салхивчийн систем хийгээгүй, бохирын үнэр гаргах хоолойг дээврийн хучилтаас дээш гаргахдаа зураг төслөөс өөрчлөн 5см-10 см-ийн түвшинд хийсэн,угаалтууруудын бохир ус зайлуулах уян хоолойд усан хаалт хийгээгүй байгаа,

7.“Аганист” ХХК-ийн гүйцэтгэсэн ХУД-ийн 32 дугаар сургуулийн барилгын анги болон ариун цэврийн өрөөнүүдийн салхивчийн систем ажиллахгүйгээс хана таазанд хөгц мөөгөнцөр үүссэн, мөн “Аганист” ХХК болон “Назу” ХХК-иуд нь улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг одоо хүртэл биелүүлээгүй байгаа,

8. “Цаст констракшн” ХХК-ийн БГД-ийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын халаалтын системийн шугам хоолойн дөрвөлсөн, гурвалсан холболтыг холбох хэрэгсэлгүйгээр шууд гагнаж хийсэн,

9. Барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах хамгаалалтын хаалт, хашилт хийгдээгүй, талбайн “аюултай бүс”-ийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээ байхгүй,аюулгүй ажиллагааны санамж тэмдгүүдийг байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн,

10.Барилгын талбайд ажиллаж байгаа ажилчдад нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хангалтгүй, зориулалтын дагуу ашигладаггүй, зөвхөн хэлбэр төдий хэрэглэж байгаа,

11.Барилгын үе шатны ажилд хийгдэх захиалагчийн болон зохиогчийн хяналтыг тогтмол хийдэггүй, хийсэн ч шаардлагын хэмжээнд хийгээгүй, Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай байгуулсан гэрээгээ бүрэн дүгнээгүй байгаа. Үүнд: “Чулуутын багш” ХХК-ийн зураг төслийг нь боловсруулсан, БЗД-ийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэг, “Мон мос” ХХК-ийн зураг төслийг нь боловсруулсан СХД-ийн 24 дүгээр хороонд баригдаж байгаа 640 суудалтай сургууль, БЗД-ийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа 640 суудалтай сургууль, “Цэнхэр төхөм” ХХК-ийн зураг төслийг нь боловсруулсан Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургууль, “Одкон холдинг” ХХК-ийн зураг төслийг нь боловсруулсан БЗД-ийн 8 дугаар хороонд баригдаж байгаа 960 суудалтай сургууль гэх мэт.

12. БЗАА-д халаалт салхивч, цэвэр бохир ус, цахилгаан, холбоо, дулаан зэрэг мэргэжлийн инженер дутмагаас барилгын ажилд тавигдах захиалагчийн хяналт иж бүрэн хийгдэхгүй байна.

13.Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13.1 дэх “Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь….Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана” заалт болон ЗГ-ын 2011 оны 311 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллаагүй.

Барилгын материалын чанарт илэрсэн зөрчил:

1. Барилгын гадна, дотор ханын өрлөгт хэрэглэж байгаа улаан тоосго, дүүргэгчээр хэрэглэж буй хөнгөн бетон блок, дулаалгын хөөсөнцөр хавтанцар нь нягт муутай төслийн шаардлага хангахгүй, гарал үүслийн гэрчилгээ байхгүй зэрэг материал эдлэхүүнүүдийг хэрэглэж байгаа, Үүнд: “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж буй 960, “Интеко инженеринг” ХХК-ийн гүйцэтгэж буй 640 суудалтай сургууль, мөн ШУТИС-ийн “Реконстракшн” төвд хийсэн шинжилгээний дүнгээр “Цаст констракшн” ХХК-ийн гүйцэтгэж буй 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын С-Д-10 тэнхлэгийн суурийн дам нурууны бетоны бат бэх нь 172.0-180.3 кг/см2, А-В-10 тэнхлэгийн аяган суурийн бетоны марк 214.9 кг/см2 үзүүлэлттэй байгаа нь төсөлд заасан /М250/ бат бэхээс бага үзүүлэлттэй байна.

2. Барилгын зураг төсөл, стандартын шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй, тохирлын гэрчилгээгүй материал хэрэглэх, бетон цутгалтын үед технологийн алдаа гаргах, бат бэх буурах улмаар барилгын чанарт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдүүлсэн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Үүнд: “Интеко инженеринг ”ХХК-ийн гүйцэтгэж байгаа СХД-ийн 640 суудалтай сургуулийн барилгын цутгамал төмөр бетон хийцийн арматурчлалд зураг төслийг зөрчиж SD345 төрлийн арматурыг SD 390, А400 төрлийн арматуртай хольж хэрэглэсэн, чанарын баталгаагүй, тохирлын гэрчилгээгүй бетон зуурмаг, стандартын шаардлага хангахгүй үйрч бутарсан сийрмэг бетон гулдмай, хөөсөн полистирол хавтан хэрэглэсэн, мөн “Назу” ХХК-ийн гүйцэтгэсэн Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн барилгын спорт заалны шаланд зураг төслийг зөрчиж маш хурц үнэртэй, эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлж байгаа резин хавтан угсарсан, шилэн багц бүхий хуванцар рамтай цонхнууд нь дулаан техникийн шаардлага хангахгүй, салхивчийг оновчтой төлөвлөөгүйгээс анги танхимыг агааржуулах боломжгүй болгосон, анги танхимуудад угсарсан шахмал цаасан хаалганууд нь хүүхдүүдийн гар хөл, механик хүчний үйлчлэлийн улмаас цөмөрч салбайсан, ашиглалтын үеийн шаардлага хангахгүй байна.

Төсөв, гүйцэтгэлд илэрсэн зөрчил:

1. Зураг төсөвгүй объектыг улсын төсөвт тусгасан, Үүнд: Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Хангай, Жаргалант, Цэцэрлэг сумын дотуур байр, Баян-Өлгий аймгийн Булган сумын сургууль, Ховд аймгийн Чандмань сумын сургуулийн өргөтгөл, УБ хотын ЧД-ийн 9-р хорооны 150 хүүхдийн цэцэрлэг гэх мэт.

2. Барилга угсралтын үе шатны ажлын гүйцэтгэлийг хийгдсэн ажлын дагуу тендерт ирүүлсэн үнийн саналын тооцоог үндэслэн хянаж баталгаажуулаагүй, ажлыг давхардуулж тооцсон, зураг төсөлд заагдаагүй ажлыг тусгасан. Үүнд: “Хангайн цагаан чулуу” ХХК-ийн гүйцэтгэсэн УБ хотын ЧД-ийн 31 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлынгүйцэтгэл №1, 5-д хуучин барилга буулгах ажил давхардсан, шаланд 25.31тн арматур тусгасан,“Вайт мүүд лайт” ХХК-ийн гүйцэтгэж байгаа УБ хотын ЧД-ийн 61-р сургуулийн спорт заалны суурь зураг төслөөр цутгамал байхад гүйцэтгэлд угсармал суурь тусгасан.

3. Шалгалтанд хамрагдсан ихэнхи барилга угсралтын ажлын гүйцэтгэлд тооцсон ажлын тоо хэмжээ нь тендерт ирүүлсэн үнийн саналын тооцоонд тусгагдсан тоо хэмжээтэй зөрүүтэй.

4. 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 18 дугаар тушаалаар батлагдсан нэмэгдэл дайвар зардал, машин цагийн үнэ, мөн 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 181 дүгээр тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Төсөв зохиох дүрэм”-ийг өмнө нь гэрээ байгуулагдан явагдаж байгаа барилга угсралтын ажлын гүйцэтгэлд мөрдөх эсэх, мөрдсөнөөс үүдэн гарах нэмэгдэл хөрөнгийг хэрхэн шийдэх талаар холбогдох яамнаас ямар нэгэн шийдвэргүй байхад ажлын гүйцэтгэлд тооцсон. Үүнд: 61 дүгээр сургуулийн спорт заал, БЗД-ийн 21 дүгээр хороонд баригдаж байгаа 640, Дорноговь аймгийн Замын-Үүдийн 928 суудалтай сургууль.

5. Тухайн объектод технологийн дагуу хийгдэх ажлыг иж бүрэн тусгаж, шаардагдах хөрөнгийг үндэслэлтэй тооцоогүй. Үүнд: Сүхбаатар аймгийн Асгат сумын 320 суудалтай сургуулийн цэвэр ус, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 320 суудалтай сургуулийн гадна тохижилт.

6. Барилга угсралтын гүйцэтгээгүй үе шатны ажилд санхүүжилт олгосон. Үүнд: Гэрээгээр 2010 оны 11 дүгээр сарын 11-нээс 2012 оны 05 дугаар сарын 31-д дуусах БЗД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт “Баз констракшн” ХХК-ийн барьж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн угсралтын ажил 60%-тай байхад 2010 оны 12 дугаар сарын 16-д 90%-ийн санхүүжилтийг олгосон, гэрээгээр 2011 оны 06 дугаар сарын 01-нээс 2013 оны 05 дугаар сарын 31-д дуусах БГД-ийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Цаст констракшн” ХХК-ийн барьж байгаа 22 дугаар сургуулийн өргөтгөлийн угсралтын ажил 70 орчим хувьтай байхад 87%, Завхан аймгийн Отгон сумын 320 суудалтай сургуулийн угсралтын ажил 60% орчим хувьтай байхад 90%-ийн санхүүжилтийг олгосон гэх. мэт.

7. Ажил гүйцэтгэх гэрээг сунгах шалтгаан нөхцлийг үндэслэлтэй тогтоогоогүй. Үүнд: “Цаст констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний хугацааг сунгах шалтгаан нь “хуучин барилга буулгах зөвшөөрөл 2011 оны 8 сард гарсан, зураг төсөв 2011 оны 12 сард экспертизээр батлагдсан /гэрээ түлхүүр гардуулах нөхцөлтэй/, техникийн нөхцлийн дагуу дулааны шугам сүлжээг татсан боловч хүчин чадал хүрэлцээгүй”, “Аж констаркшн” ХХК-тай байгуулсан гэрээний хугацааг сунгах шалтгаан нь “цаг агаарын тааламжгүй байдал болон зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажил /энэ талаар гарсан акт байхгүй/ гарсан ” гэх мэт.

8. Нэг байгууллага хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэж байгаагаас тухайн ажлууд хугацаандаа хийгдэхгүй болж,нэмэгдэл зардал гарах нөхцлийг бүрдүүлсэн. Тухайлбал: Хөвсгөл геологи” ХХК нь 2008-2012 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 928 суудалтай сургууль/2.4 тэрбум.төг/-ийн барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан, мөн тус компанийн барьж байгаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 640 суудалтай сургууль/3.8 тэрбум.төг/-ийн барилгын угсралтын ажил 32.8%, Хэнтий аймгийн Өндөрхаан сумын “Хан Хэнтий” чуулга/8.0 тэрбум.төг/-ын барилгын угсралтын ажил 40%, БЗД-ийн 960 суудалтай сургууль/2.5 тэрбум.төг/-ийн барилга гэрээт хугацаандаа 2012 оны 08 дугаар сарын 25-д дуусаагүй, угсралтын ажил 75%, 1000 оюутны байр/2.6 тэрбум.төг/ гэрээт хугацаандаа 2012 оны 11 дүгээр сарын 20-д дуусаагүй, барилга угсралтын ажил 85%-тай байна.

9. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг тогтоосон хугацаанд дүгнэж, хариуцлага тооцоогүй байгаа,Үүнд: БГД-ийн 22 дугаар сургуулийн өргөтгөл, Дорноговь аймгийн Замын-Үүдийн 928, Булган аймгийн Гурванбулаг сум, Завхан аймгийн Отгон сумын 320, Өвөрхангай аймгийн Уянга сумын 640 суудалтай сургуульгэх мэт /2011-2012 онд хэрэгжиж байгаа нийт объектын 20 орчим хувь/.

10.Техникийн нөхцлийг иж бүрэн шийдээгүй байхад ажил гүйцэтгэснээс гэрээт ажил хугацаандаа дуусах боломжгүй болсон. Үүнд: Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 640 суудалтай сургуулийн цэвэр ус гэх мэт.

11.Гүйцэтгэлийн баталгааг ямар байгууллагаас хэдэн төгрөг, ямар хугацаагаар төвлөрүүлсөн, хэдэн байгууллагын баталгааг хэзээ чөлөөлсөн талаар судалгаа мэдээлэл байхгүй байна.

Шалгагдсан байгууллага, аж ахуйн нэгжид өгсөн дүгнэлт:

БШУЯ-ны БЗАА-ны Барилгын тухай хуулинд заасан эрх үүргийн хэрэгжилт 64%-тай байна. Шалгалтанд хамрагдсан барилга байгууламжийн угсралтын ажлыг 5.1.1 “Каркасан барилга байгууламжийн угсралтын ажил”-ын хяналтын хуудсаар шалгахад “Назу” ХХК-ийн барьсан Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургууль, “Интеко инженеринг” ХХК-ийн барьж байгаа 640 суудалтай сургуулийн барилгууд “их”, “Немон”ХХК-ийн барьж буй 640 сурагчтай сургууль, “Хөвсгөл геологи” ХХК-ийн барьж буй 960 суудалтай сургуулийн барилгууд “дунд”, “Цаст констракшн”ХХК-ийн барьж буй 22 дугаар сургуулийн өргөтгөл, “Сити палас” ХХК-ийн барьж байгаа 640 суудалтай сургуулийн барилгууд “бага” эрсдэлтэй шалгагдав. Мөн 5.35 “Барилга байгууламжийн төсөв, гүйцэтгэл”-ийн хяналтын хуудсаар шалгахад “Хөвсгөл геологи” ХХК-ийн барьж буй 960, “Интеко инженеринг” ХХК-ийн барьж буй 640, “Сити палас” ХХК-ийн барьж байгаа 640, “Тэд констаркшн” ХХК-ийн барьж буй 320 суудалтай сургууль, “Цаст констракшн”ХХК-ийн барьж буй 22 дугаар сургуулийн өргөтгөл, “Баз констаркшн” ХХК-ийн барьж буй цэцэрлэг, “Хангайн цагаан чулуу“ ХХК-ийн барьсан цэцэрлэгийн барилгууд “дунд”, “Вайт мүүн лайт” ХХК-ийн барьж буй спорт заалны барилга “бага” эрсдэлтэй шалгагдав.

Хяналт шалгалтаар барилгын ажлыг магадлал хийлгээгүй зураг төслөөр, тусгай зөвшөөрөлгүй байгууллага, хувь хүнээр гүйцэтгүүлсэн, зураг төслийн боловсруулалт, угсралтын ажлын чанар байдалд захиалагчийн болон зохиогчийн хяналтыг тогтмол хийгээгүй, хийсэн ч шаардлагын хэмжээнд хийгээгүй, гүйцэтгэлийг хийгдсэн ажлын дагуу хянаж баталгаажуулаагүй, хийгээгүй ажилд санхүүжилт олгосон, гэрээгээ тогтоосон хугацаанд дүгнэж, зохиогч, гүйцэтгэгч байгууллагуудтай хариуцлага тооцож ажиллаагүй зэрэг дээр дурьдсан зөрчлүүд илэрсэн нь БШУЯ, БЗАА-наас холбогдох хууль, дүрэм, эрх зүйн норматив баримт бичгийг мөрдөж ажиллаагүйтэй холбоотой бөгөөд энэ нь улмаар улсын төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд барилгын ажлыг хугацаанд нь чанартай хийлгүүлж, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахад анхаарч, Барилгын тухай хууль болон “Барилгын захиалагчийн дүрэм”-д заасанэрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Мөн барилга угсралтын ажилд зураг төслийн шаардлага хангаагүй арматур, стандарт, дулаан техникийн шаардлага хангаагүй цонх, хаалга хэрэглэх, бетон цутгалтын үед технологийн алдаа гаргах, хэрэглэж байгаа материалуудад лабораторийн шинжилгээ туршилтуудыг тогтмол хийлгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгаа нь барилгын чанарт сөргөөр нөлөөлж байна.

Барилга байгууламжийн ажлын чанар, аюулгүй байдалд хийх захиалагчийн болон зохиогчийн хяналтыг тогтмолжуулан, үр дүнтэй гүйцэтгэж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гүйцэтгэгч байгууллагуудтай хариуцлага тооцож ажиллах нь зүйтэй.

Шалгалтанд хамрагдсан зарим байгууллагууд дотоодын хяналтын системийг нэвтрүүлээгүй, барилгын талбай дахь зохион байгуулалт, хөдөлмөр, эрүүл ахуйнаюулгүй байдлыг хангаж ажиллагаагүй байна.

Зураг төсөлгүйгээр улсын төсөвт тусгасан объектын тендерийг “Төрийнболон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай” хуулийн 5.1.16 дахь заалтын дагуу "түлхүүр гардуулах…”-аар зураг төсөл боловсруулах, угсралтын ажлыг нэг гэрээгээр гүйцэтгүүлэхээр зохион байгуулж байгаа нь чанаргүй зураг төсөл боловсруулах, улмаар чанаргүй барилга баригдах нөхцлийг бүрдүүлж байна.

Улсын байцаагчийн дүгнэлт 1, албан шаардлага 5, акт 1-ийг гаргаж, зөрчил гаргасан 4 аж ахуйн нэгж байгууллагад 4000.0 мян. төгрөгийн шийтгэвэр ногдуулсан. БШУЯ-ны БЗАА-ны болон сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч байгууллагуудын инженер техникийн ажилтнуудад дотоодын хяналт, барилгын чанар, аюулгүй байдлын талаар тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтанд 8 байгууллагын 25 хүн хамрагдав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ