Хөлбөмбөгийн ногоон талбай хөгжөөн дэмжигчдээр дутах ёсгүй

Дэлхийн долоон тэрбум хүний таван тэрбум нь хөлбөмбөг мэддэг, тоглодог, ядаж л нэг тоглогчийн нэр мэддэг гэсэн албан бус тоо баримт байдаг. Монголын хөлбөмбөгчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчид ч бас энэ өргөн цар хүрээг хамарсан спортын нэг хэсэг. Английн премьер лиг, Испанийн Ла лиг, Германы Бундес лига, Аваргуудын лиг, Европын АШТ, Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх гэж Монгол хөгжөөн дэмжигчид мянга мянгаараа нэгддэг. Гадны клубуудыг дэмждэг залуус сайн дураараа нэгдэж төрийн бус байгууллага үүсгэж, тоглолт бүрийг нь алгасалгүй үздэг. Бие биенийгээ алж талсан гэж сонсогдоогүй ч тэрнээс наагуур юм болж, хайртай багаа /гадны клуб/ өмөөрдөг. Ямар сайшаалтай хэрэг вэ? Монгол хүн, монгол хөгжөөн дэмжигч хөлбөмбөгийн төлөө амь биеэ золихоос ч буцахгүйгээр энэ спортын нэг хэсэг болсон байна гэдэг.

Гэвч энэ нь хилийн чандын хөлбөмбөгийн төлөө хэтэрхий их туйлширсан явдал. Монголын хөлбөмбөг хөгжихгүй гэж ярьдаг хүмүүс яг үнэндээ юу ярьж байгаагаа ойлгодоггүй. Өөрийнх нь ганц тоглолт ирж үзээд, уухайлан баг дэмжих нь монголын хөлбөмбөгийг хөгжүүлэхэд маш чухал гэдгийг мэддэггүй. Дүүрэн хүнтэй цэнгэлдэх хүрээлэнд, хөгжөөн дэмжигчидийн нүргэлээнд мансуурч, хөлбөмбөгийн спортын гайхамшигийг биеэрээ мэдрэхийг хүсдэг ч гурван мянган хүний суудалтай цэнгэлдэхийг дүүргээд тэр сайхан уур амьсгалыг өөрсдөө бүрдүүлж чаддаггүй. Шөнө дөлөөр нойроо хугаслан гадны багийн тоглолтыг үздэг ч шил шар айрагны үнд хүрэхгүй тасалбартай дээд лигийн ганц тоглолтыг очоод харчихдаггүй.

Хур бороо, алтан нар, ус агааргүйгээр манай гариг амьтай байж чадахгүй шиг хөгжөөн дэмжигч таньгүйгээр хөлбөмбөгийн спорт бүрэн бүтэн байж чаддаггүй. Зурагтаар харж, сэтгэлдээ төсөөлдөг тэр сайхан уур амьсгалыг эх орныхоо багийг дэмжээд мэдэрч болно. Яаж гэж үү? Та Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнг зорьж байгаарай!

Тэнд Монголын хөлбөмбөг, Монголын багаа дэмжээд уухайл. Оронд нь хэзээ ч юугаар ч сольшгүй сайхан мэдрэмжийг эд эс бүхнээрээ мэдэр. Хөлбөмбөгийн ногоон талбайн хөгжөөн дэмжигч таниар дутах ёсгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ