11 настай хүүхэд Туул голд осолдсон байжээ

Цөөхөн хүн амтай манай улсын иргэд болгоомжгүй байдлаасаа болж усанд осолдож амиа алдах явдал буурахгүй байгаа нь аюулын харангыг хэдийнээ цохиод эхэлснийг бид анхааруулсаар байгаа билээ. Энэ төрлийн ослын мэдээг бид өдөр бүр холбогдох албаныхнаас авсаар байна. Тухайлбал,

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн Завхан голд иргэн М /47 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2016.08.18-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагаас 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 иргэн, 2 автомашин, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.08.21-ний өдөр анх осолдсон газраас усаар 30 км газар самналт хийсэн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Дунд өлөнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км/-т хиймэл нууранд иргэн Н /48 настай, эрэгтэй/ унасан тухай дуудлагыг 2016.08.21-ний өдрийн 18:01 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Цагдаагийн 4 албан хаагч, 1 автомашинтайгаар эрлийн ажиллагааг явуулж 2016.08.21-ний өдрийн 23:30 цагт цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрний зүүн талд Туул голд хүүхэд усанд живсэн байна гэсэн дуудлагыг 2016.08.21-ний өдрийн 14:28 цагт хүлээн авч НийслэлийнАврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Т /11 настай, эрэгтэй/ усанд осолдсон байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад А ахалсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Усанд осолдсон гэх дуудлагагүй нэг ч өдөр өнгөрөхгүй байгаад иргэн бүр дүгнэлт хийж, аюулгүй байдлаа хангах нь нэн чухал байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ