Ганц цаг хожимдсон бол Батаар үүрд ирэхгүй байж

-Үлэг гүрвэлийн буюу Батаарын түүхийн музейн нээлт үндэсний бахархал боллоо-

Наян настай буурлаас найман настай багачууд хүртэл өнөө өглөө их жанжны төв талбайд эртлэн цугласан нь ямар нэгэн баярт үйл тэс ядан хүлээсний шинж илт байлаа. Тийм ээ, тэд баярт хийгээд түүхэн үйл явдлын гэрч болохоор ирсэн нь энэ. Өдгөөгөөс 70 сая жилийн тэртээ Монголын говьд амьдарч байсан Тарбозавр Батаарын араг ясны үнэт олдвороор үүдээ нээж буй Үлэг гүрвэлийн түүхийн музейн нээлт болов. Энэхүү ёслолын ажиллагааг нээхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон албаны хүмүүс хүрэлцэн иржээ.

Ноён П.Цагаан “Сэтгэл хөдлөөд байна. Цаас харалгүй ярья. Энд хуран цугласан та бүхэн түүхэн үйл явдлын гэрч болж байгаад юуны өмнө баяр хүргэе. Батаарыг авчирсан түүхийг бүгд мэдэх болохоор товч ярихыг хичээе. Батаарын талаар хожим нь уран зохиол, кино олноор гарах нь мэдээж. Би ганц л юмыг хэлэх гэж ирлээ. Манай Ц.Оюунгэрэл сайд болсон өдрөө шахуу Монголын үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-д дуудлагаар худалдах тухай мэдээ авсан байгаа юм. Түүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, Ерөнхийлөгч цагийн дотор мэдэгдэл гарган, тэрхүү дуудлага худалдааг таслан зогсоолгосноор бид одоо энд Батаартайгаа хамт зогсож байна.

Америк, Монголын хооронд 12 цагийн зөрөөтэй бөгөөд ганцхан цаг алдсан бол Батаар маань үүрд эргэж ирэхгүй байлаа. Дуудлага худалдаа явагдаад Батаар эзэнтэй болчихсон бол хууль эрхзүйн үндэс нь өөр болчих байсан юм” гэв. Дараа нь УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Батаарын “эргэж ирсэн” түүхийг товч дурдсанаа би албаны үгээр нээх ёстой ч энэ удаа больё.

Энд маш олон хүүхэд иржээ. Би үлгэр ярьж өгье гэлээ. Тэгээд хатагтай Ц.Оюунгэрэл “Сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад манай говьд сүрэг сүргээрээ Батаарууд амьдардаг байжээ” хэмээн эхлэх бяцхан үлгэр ярилаа. Ингээд Батаарыг авч ирэхэд гүн туслалцаа үзүүлж, шуурхай арга хэмжээ авсан Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж байгаагаа илэрхийлэв.

Юутай ч Ти.Батаар ийнхүү төрөлх нутагтаа эргэн хөл тавьж, олон нөхдийн хамт амьдрах анхны гэрийнхээ эзэн болов. Түүний араас үлэг гүрвэлийн олон багц олдворыг Монголд хүлээлгэн өгч, Үлэг гүрвэлийн жинхэнэ музейтэй болно. Нью-Йоркийн дуудлага худалдааны талаар анх хэл дуулгаж, Батаарыг авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан палеонтологич М.Болорцэцэгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Мөн эх орныхоо түүх, өв соёлд элэгсгээр хандаж Батаарын түр музейн байрыг барьж өгсөн "М-Ойл" групп, дотоод тохижилтыг хийсэн "Цэнхэр од" компани, харуул, хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллаж буй "Owl Security" хамгаалалтын албаныханд өргөмжлөл гардуулсан юм.

Түр музей есдүгээр сар хүртэл ажиллах бөгөөд Монгол Улсын иргэн 0-6 насныхан, ахмадууд үнэ төлбөргүй, 7-17 насныхан 500, харин насанд хүрэгчид 1000 төгрөгөөр үзэх юм байна.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ