Морь хүүхэд хоёрын алийг нь уралдуулна вэ

-Бид адгууснаас ч дор сэтгээд байх шиг, морь уралдаж яваагаа өөрөө мэддэг юм билээ-

Наадам дөхөхөөр ингэж асуумаар санагддаг болжээ. Бөх, сур, шагайг шүүж, хянахад амар нь мэдээж. Яг зэрэг гэх тохиолдол хорвоод байдаггүй ч, нүдэн багцаагаар бөхийг шийдчихэж болно.

Бараг л зэрэг газардчихвал дахиад барилдуулчихдаг биз дээ. Тэрийг монголчууд хайнцах гэдэг. Будилах янзтай бол бичлэг удаашруулаад харуулчихна.

Зарим жудаггүй бөх унаснаа хүлээхгүй босоод дэвчихдгээс л жаал, жуул булхай гарчих гээд, хөлийн цэцийг сандаргадаг болж. Түүнээс биш бөхөд бараг “юм” гарахгүй дээ. За, сурын хувьд маргаан гарах үндэсгүй шахуу. Тэр нэг бөөрөнхий сурыг л оночихсон байхад болох нь тэр.

Оноо нь тэнцвэл товхлоод ч болов шийдчихнэ. Байт сур шиг яг арвын голд хэн нь онож вэ, энэ тэр гэх юм байхгүй. Сум нь замдаа нэг тусаад, ойгоод өнөөх бөөрөнхий сурыг өнхрүүлчихөд л болдог биз дээ. Тийм бүдүүлэгдүү спортод ямар юмных нь маргаан, мэтгэлцээн байхав. Тэгээд ч оносон эсэхийг нь хянадаг шүүгчид ганц биш, олуулаа. Оносныг нь мэдэхэд ч хялбархан. Шүүгчид нь ухайлахад л ойлгомжтой. Хэн ч маргахгүй дээ. Маргаад юу ч олж долоохгүй юмыг яалтай. Шагайчдын хувьд мөн л адилхан даа. Бас л онох, эсэх асуудал яригдана.

Түмний нүдэн дээр байгаа өрсөн шагайд сум нь тусвал гүйцээ. Шагайчид маргаж, евролдсоныг ёстой дуулаагүй юм байна. Юундаа ч тэгэх билээ. Хамгийн хачин юм моринд л тохиодгийг хүн болгон мэдэх байх аа. Басхүү яг зэрэг гэсэн юм байхгүй. Зуузай холбовол зүүн буюу зөв гэх зүг/тал/-ийн морийг нь барьчихна. Ганцхан л юман дээр будилдаг юм. Бүр мэдэн будилна гээч. Албан ёсоор бол, хурдан морины уралдаан гэдэг нэртэй.

Түрүүлэх, аман хүзүүдэх, айрагдахыг тогтооход энэ утга нь алдагдчихдаг билээ. Таны уясан морь түмний нүдэн дээр түрүүлээд ирсэн ч, унаач хүүхэд нь уначихсан байвал өнгөрөө. Нэг байраар ухарч байлуулна. Тэгэхээр морь уралдсан биш болж таараад байгаа хэрэг. Хүүхэд уралдлаа гэсэн маягтай. Ирэх наадмаар яаралтай цэгцлэх юмны нэг энэ мөн.

Нэг бол хурдан морины уралдаан гээд морио л барья. Эсвэл морьтой хүүхдийн уралдаан гэдэг болъё. Биднээс шалтгаалахгүйгээр тэр адгуус бараг өөрөө уралдаж буйгаа мэддэг юм билээ шүү. Эс тийм бол, унаач нь уначихвал юу гэж бариа руу өөрөө давхиад байхав. Өвс хазаад л хоцорно биз дээ. Явж, явж бид адгууснаас дор сэтгээд байх шиг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ