Гэр хороололд шуудангийн хайрцаг тавина

-Долоо хоногийн улс төрийн тойм-

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баян-Өлгий аймгийн казах түмэнтэй хийсэн уулзалтаа Дэлүүн сумаас эхэллээ. Тус суманд Монгол Улсын төрийн тэргүүн 75 жилийн дараа ирж байгаа нь энэ юм. Ерөнхийлөгчтэй уулзахаар Толбо, Булган сумаас хүмүүс иржээ. Өндөр настан буурлууд уламжлал ёсоор хүндэтгэлийн идээ шашу цацаж угтав. Дэлүүн сумынхан 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг 56,1 хувиар дэмжсэнээ одоо ч бататгана гэв.

Казах түмний хувьд тулгамдсан асуудлын нэг нь иргэний харьяатын тухай байдаг. Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард болсон Наурызын баяраасхойш 908 иргэний харьяатын асуудлыг авч үзэн 695 иргэний Монгол Улсын харьяатыг сэргээж, зургадугаар сарын 10-ны өдөр 213 иргэний иргэншлийг сэргээх зарлигт гарын үсэг зуржээ. Мөн энэ сард багтаан Баян-Өлгий аймаг, Казахстаны Устьмингурскийн хооронд үйлдэж байсан агаарын нислэгийг сэргээхээр болсныг мэдэгдэв.

Баян-Өлгий аймгийн төвд болсон уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Барилга, хот байгулалт, зам тээврийн дэд сайд Х.Ержан нар оролцов. Зарим нэгний “Ц.Элбэгдорж казах дээл өмсдөггүй, казах хүнд дургүй, каз, ямааны мах иддэггүй” гэсэн үг чих дэлссэн хэдий ч нэр дэвшигч “Би Монгол Улсынхаа үндэстэн, ястан бүрийг ижил тэгш анхаардаг. Надад казах үндэсний дээл арав бий. Каз аваад ирвэл би иднэ. Би казах залуугийн урлаж бэлэглэсэн гутлыг өмсч яваа” гэсэн юм.

МАХН-аас нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал Баянхонгор аймгийн иргэдтэй уулзах зуур иргэн Х.Сайнжаргалын хоёр дахь хүүхдийг эх барьж авлаа. Сайдын эх барьсан охин 3,4 кг төрж, эх, охины биеийн байдал сайн байна. Хүүхдийн ээж Х.Сайнжаргал баярласан сэтгэлээ илэрхийлэхийн хамт охиндоо Удвал гэдэг нэр хайрлажээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Зууны мэдээ” сониноор дамжуулан Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгийн сонгуулийн хэсгүүдэд саналын хуудсыг гараар давхар тоолон баталгаажуулахад санал нэгдэхийг нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Н.Удвал нарт хандан уриалжээ. Энэ нь
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгээс санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар суманд нэг, дүүрэгт хоёрхэсгийг сонгож хяналтын тооллого хийлгүүлнэ” гэж хуульчилсан, мөн “...нэр дэвшигч, нам...сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах”-ыг хориглосон заалттай зөрчилдсөн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг чөлөөлөх тухай, Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хэлэлцлээ.

Эхний төслийг хуралдаанд оролдсон гишүүдийн 84 хувийн саналаар баталж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс том оврын автобус гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр болов. Дараагийн гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг 2013 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх ба дотоодод бензинтэй болгох зорилготой гурван эх үүсвэрийн бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Мөн модон бэлдцийг НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг дэмжиж, 2013 оны зургадугаар сараас 2017 оныг хүртэл дагаж мөрдөхөөр боллоо.

Хаврын чуулган шинэ долоо хоногоос 14 хоног завсарлана. УИХ-ын дарга гишүүдийг энэ хугацаанд орон нутагт ажиллахдаа УИХ-аас баталсан, хэлэлцэж байгаа хуулийн талаар иргэд сонгогчдод сайтар сурталчлахыг сануулав. Сэлэнгэ, Дархан аймагт ажиллаад ирсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг томилолтоос ирэнгүүтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ. Тэрээр шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгасан, мөн энэ жилийн наадамд 50 тэрбум төгрөг зарцуулахгүй болохыг УИХ-ын гишүүдэд хэллээ.

Энэ онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан урлаг, соёлын арга хэмжээний зардлыг нэмээд 1,5 орчим тэрбум төгрөгийг баяр наадамд зарцуулахаар төлөвлөжээ. Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор байгуулах бөгөөд таван жилийн хугацаанд 50 тэрбум орчим төгрөг зарцуулна . Хүй долоон худагт Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том талбайд хатуу хучилт хийж, 4000 автомашины зогсоол байгуулахаас гадна найман км автозам барьж, гэрэлтүүлэг тавина. Мөн нийслэлийн төсвөөр 3000 хүний суудал, нийтийн бие засах 26 газар, хогийн 200 сав тавина, Эдгээрт нийт 14,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ Ерөнхий сайд тайлбарлав. 11 аймагт оношлогооны төв, Улаанбаатар хотод хүүхдийн зүрхний хагалгааны төв байгуулахад нийт 25 тэрбум, Ховд, Увс, Баян-Өлгийд битүү зах барихад есөн тэрбум төгрөг зарцуулах ба Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуй, цана, явган хүний зам байгуулна.

Өнгөрсөн долоо хоногт шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвийн утсанд 1131 иргэн ханджээ, Ирэх наймдугаар сараас замын цагдаа торгууль бичиж, бэлэн мөнгө авдгийг болиулах бөгөөд төрийн зарим үйлчилгээг автомат машинаар гүйцэтгэдэг болно. Ийм машиныг Улаанбаатар хот ба аймгийн төвүүдэд энэ сараас суурилуулж эхэлнэ. Шуудангийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэхийн тулд гэр хороололд шуудангийн хайрцаг тавьж, аймгуудыг шуудангийн автомашинтай болгоно.

Гадаад харилцааны сайд Л.Болд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Гоулдхок-ийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноён Г.Гоулдхоук Канад Улсад зорчих Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэл, дипломат болон албан паспорттай иргэдэд дөрвөн жил хүртэл олон удаагийн виз олгож байхаар Канад Улсын Засгийн газар шийдвэрлэснийг мэдэгдэж, холбогдох ноот бичиг гардууллаа.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ