Ерөнхийлөгчийн сонгууль 18 хоногийн дараа болно

Монголын ард түмэн шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зургаа дахь удаагаа оролцох гэж байна. 1993 оны анхны сонгуульд МАХН-аас Л.Түдэв, МҮАН, МСДН-ын эвслээс П.Очирбат хоёр нэр дэвшиж өрсөлдсөн юм. Энэ сонгуульд нэг сая 25 мянга 970 сонгогч саналаа өгч, 57,8 хувийн саналаар П.Очирбат төрийн тэргүүнээр сонгогдсон билээ. Тэр бол Монгол Улсын ууган Ерөнхийлөгч.

1997 оны сонгуульд гурван хүн нэр дэвшсэнээс Ерөнхийлөгч П.Очирбатыг МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл, Н.Багабандийг МАХН, Ж.Гомбожавыг МУНН сойжээ. Санал хураалтад оролцсон сонгогчдын тоо өмнөхөөс цөөрч, 982 мянга 640 болсон ч тэдний 60,8 хувь нь Н.Багабандийн төлөө саналаа өгснөөр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов. П.Очирбат 29,8, Ж.Гомбожав 6,6 хувийн санал авчээ.

Ерөнхийлөгчийн гурав дахь удаагийн сонгууль буюу 2001 онд МАХН-аас Н.Багабанди дахин нэр дэвшиж, АН-аас Р.Гончигдорж, ИЗН-аас Л.Дашням нар тоосоо өргөсөн байна. Сонгогчдын тоо анхны сонгуульд саналаа өгсөн хэмжээнд хүрээгүй ч нэг сая дөнгөж давж, морьд эргэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди 58,1 хувийн саналаар магнайлж, төрийн тэргүүнээр улиран залрав. Р.Гончигдорж, Л.Дашням нар 36,5-3,5 хувийн саналаар удаалжээ.

2000 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн гурван нам, нэг эвсэл нэр дэвшүүлсэн юм. Тэд дөрвүүлээ анх удаа нэр дэвшигчид бөгөөд МАХН-аас Н.Энхбаяр, Эх орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан, “Эх орон ардчилал” эвслээс М.Энхсайхан зодогложээ. Сонгогчдын ирц нэг сая хүрсэнгүй. Ингээд 930 мянга 976 сонгогчоос 53,4 хувийн санал авсан Н.Энхбаяр төрийн тэргүүн болж, М.Энхсайхан 20,1, Б.Жаргалсайхан 13,8, Б.Эрдэнэбат 11,3 хувийн саналаар өвдөг шороодов.

Сонгогчид харьцангуй туршлага сууж, 2009 оны сонгуульд нэг сая 98 мянга 875 хүн саналаа өгсөн байна. АН-аас Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлж, МАХН Н.Энхбаярыг дахин сойлоо. Санал хураалтын дүн гарахад 51,2 хувийн саналаар Ц.Элбэгдорж Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгчөөр сонгогдож, Н.Энхбаяр 47,4 хувийн саналаар тахимаа өглөө.

Одоогийн сонгуульд нэр дэвшсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /АН/, МАН-ын Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын Н.Удвал нарын сурталчилгаа ид өрнөж байна. Энэ удаагийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж, гадаадад байгаа манай иргэдэд санал өгөх эрхээ эдлэх боломж олдсоноороо онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуулийн санал хураалт 18 хоногийн дараа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ