Монголыг чиглэсэн секс жуулчлалын “үер” айсуй

-Тайландад 50000 ам доллар сэгсрүүлснээс Монголд 5000 “ногоон”-оор тонгочиж орхиод явсан нь дээр биз-

Гадаадын жуулчид ирэхэд гараа тосдог ганц улс бараг бид болчихоод байна. Гадны хүн, жуулчин гэхээр гадаад валют харагддаг нь гэм биш зан гэсэн үг л дээ. Бусад оронд харин болгоомжилдог болсон гэнэ билээ.

Жуулчлалыг дотор нь олон ангилж болох ч, орчин үед хамгийн их дэлгэрээд буй нь секс аялал буюу олон улсын нэр томьёогоор “Sex tоur” юм. Манайхан мэддэг ч, мэдэн будилдаг гэхэд хилсдэхгүй. Яагаад гэхээр тэр талаар огт ярьж, бичдэггүй. Энэ нь тийм ч шинэ юм бас биш. Азийг чиглэсэн аяллын садар түүхийг өгүүлдэг ч гэх

Америк тивийн ихэнх орон, Баруун Европын Англи, Франц, Италийн сониуч нөхөд сэдсэн гэх нь бий. Уг нь ч дал, наяад оноос эхтэй юм билээ. Тэр цагт нь манайх хаалттай байснаас нэг их бужигнуулж амжаагүй байж мэдэх. Тухайн үед Азийн дийлэнх улсыг богино хугацаанд бүрхсэнийг түүх гэрчилдэг. Тэдний ул мөр, хамаг балгийг нь туучаад өнгөрсөн болохоор түүхэнд нь үлдэлгүй яав гэж.

Ганцхан жишээ татахад л хангалттай. Азийн хамгийн өндөр хөгжилтэй орны нэг гэгдэх Тайландыг жинхэнэ авслах дөхсөн дөө. Наяад оны дундаас эхтэй секс жуулчлал ерээд оны эхэн гэхэд тэднийг ХДХВ/ДОХ-ын халдварт бүрэн живүүлсэн билээ. Урьдчилан сэргийлэх тухай яриа байхгүй болтлоо асуудал хурцдсаныг тэдний Эрүүл мэндийн сайд Монголд нэгэнтээ ирэхдээ сургамж болгон ярьж байлаа. Залуусынх нь 60 хувь халдварт өртчихсөн байжээ.

Гэнэт ухаарсан хэрэг л дээ. Тэд биднийг бодвол боломжтой, хүчтэй болохоороо даваад гарчээ. Урин цаг ч ирлээ. Улцан цагаан толгойтой, улбар шар нүүртэй өвгөд Улаанбаатарын гудамж, талбайгаар үзэсгэлэнт охидыг маань хөтлөн зугаалах цаг бараг эхлэв. Хотын төвийн хамаг үнэтэй, цэнэтэй газруудад үдшийн цагаар тэд шар айраг шимэн суудгийг та эрхбиш нэг бус үзсэн биз дээ.

Тэд манай байгаль, наадам хоёрыг үзэхээр ирдэг гэж бодож байна уу. Үгүй дээ. Түүгээр чинь халхавч хийгээд төрсөн биеийн жаргал эдлэхээр ирдэг юм. Төр, засагт тэдний оруулах орлого, ашиг бараг байхгүй. Монголын хямдхан зах зээл, охидыг л бараадаж яваа нь худал биш. Тайландад 50000 ам.доллараа сэгсрүүлснээс, Монголд 5000 “ногоон”-оор тонгочиж орхиод явсан нь хамаагүй дээр нь мэдээж. Бүх юм тэр хэдэн халтарт нь багтана.

Дээр нь өвчин хамуу, ДОХ тэмбүү тараагаад одно. Түүнийг нь бид шуурхай мэдээгээрээ тоолоод л сууж байна шүү дээ. Өөрийг ямар хийж чадах биш. Улаанбаатарт өнөөдөр ХДХВ/ДОХ-ын халдвартай гадаадын иргэн 20-иод буй. Тэдний тоо тун удахгүй хэдэн зуу дахин нэмэгдэнэ дээ. Дээрх өвчний халдвар тээгчдийн тоо манайд өнгөрсөн долоон хоногийнхоор 141 болов. Долоон хоногт нэгээр нэмэгдэж байгаа юм. Түүний өсөлт ч хурдасна. “Секс тур”-ын гол аюул занал энэ билээ. Шуудхан хэлэхэд, Монголыг чиглэсэн “секс жуулчлал”-ын “үер” айсуй.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ