Ц.Тэмүүлэн: Тэрийгээ аваад үхэх юм шиг л аашлах юм

“A sound”. Энэ нэр танил сонсогдож байгаа биз. Яг одоо таны санаанд “Уянга”, “Forever”... зэрэг сэтгэлд хоногшсон дуунууд нь үг, аялгуутайгаа бууж байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. “Батаар”-ын энэ удаагийн зочноор “A sound” хамтлагийн ахлагч Ц.Тэмүүлэн уригдлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?

-Жилийн өмнө “Зуун наст” цомог гаргасан. Тэрнээс хойш гурван шинэ дуу хийгээд клипжүүлсэн байгаа. “Толгойтынхон”, “Хаана байна”, “Чин зүрхний хайр” гээд. Одоо хоёр шинэ дуу хийх гэж байна. Сая “Mongolian life session”-д орсон. Монголын хамтлаг дуучдыг амьдаар нь студид дуулуулаад бичлэг хийгээд, цувралаар явж байгаа. Манайх тэнд оролцсон. Рагугийн санаачилсан ажил л даа.

-Таныг өөрийн бие даасан цомог гаргах гэж байгаа гэж сонссон?

-Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхтэй хамтарч нэг цомог гаргах гээд бэлтгэлээ хийгээд л байж байна. Бүх шүлгийг нь Төрөөн ах бичээд, би аяыг нь хийгээд, монгол, англи хэлээр дабль CD гарах юм. Гурван сарын дараа гэхэд бэлэн болчих байх аа.

-Монгол шүлэг ерөөсөө бичдэггүй гэсэн. Яагаад вэ?

-Нэгдүгээр ангид орохоосоо ч өмнө англи дуунд маш их дуртай хүүхэд байсан. Тэгээд дандаа англи дуу сонсдог байсан болохоор одоо монгол шүлэг бичих гэхээр нэг л болж өгдөггүй юм аа. Жаахан байхдаа Queen хамтлагийн дууг их сонсдог байсан маань нөлөөлсөн байх. Гэхдээ нэг монгол шүлэг бичсэн. Тэрийгээ дуу болгоогүй. Яахав бичвэл бичих л юм билээ.

-Англи хэлийг ямар түвшинд мэдэх вэ, бас яаж сурсан бэ?

-Сайн ч биш, муу ч биш. Ярихын хувьд ярина шүү. Хүний яриад байгааг ойлгоод хариу ойлголцоно. Багаасаа англи дуу сонсдог байсан маань их нөлөөлсөн. Мэдэхгүй ч гэсэн галиглаж бичээд дуулдаг байсан. Тэрнээс гадна тав, зургаадугаар ангидаа Германд сурч байсан. Герман хэл сурчихаад англи хэл сурахад амархан л даа. Ер нь адилхан үг их байдаг. Бас долоодугаар ангиасаа хойш 23-р сургуулийн англи хэлний ангид суралцаж төгссөн хүн л дээ.

-Герман хэлээр бас ярина гэсэн үг үү?

-Тав, зургаадугаар ангид байхдаа л тэнд суралцаж байсан. Тэрнээс хойш бараг яриагүй болохоор мартагдсан тал бий. Гэхдээ бага сага байж л байгаа.

-Анх хамтлаг байгуулагдаж байсан түүхээсээ сөхөөч, Өмнө нь танай хамтлагийнхан нэгнийгээ мэддэг байсан юм уу?
Зургаан жилийн өмнө наймдугаар сарын 21-н билүү 22-нд анх байгуулагдаж байсан юм. Үүнээс өмнө хамтлаг бүрэлдэх гэж нилээн юм болсон л доо. Гэхдээ яг энэ өдөр бид бэлтгэлээ хийж эхэлсэн. Надаас бусад нь нэгнийгээ таньдаг. Багаасаа бүгд хөгжим тоглодог, бас өөр хамтлагт хөгжим тоглоцгоодог. Тэгээд шинэ хамтлаг байгуулья гээд нэгдчихсэн, дуучингаа шалгаруулж байсан юм билээ. Тэгээд би очиж шалгуулж тэнцээд “A Sound” хамтлаг анх үүссэн түүхтэй.

-Хамтлаг байгуулах гол шалтгаан нь анхандаа бааранд дуулж, мөнгө олох зорилготой байсан гэж сонсож байсан юм байна. Үнэн юм уу?
Анх намайг Мөнхболд дуудсан л даа. Бид хоёр танилууд байсан. Тэр үед ч би “1060” гэдэг хамтлагт дуулдаг байлаа. Мөнхболд чи бааранд цуг дуулах уу, тэгнэ гэвэл бид нэг хамтлаг бүрдүүлэх гэж байгаа юмаа. Ирээд шалгуулчих гэсэн л дээ. Би ч шууд л тэгье гээд зөвшөөрч байсан.

-“Release” цомог гарсан даруйдаа л сонсогчдод таалагдаж, хамгийн их борлуулалттай цомгоор шалгарч байсан. Ер нь ийм амжилтад хүрнэ гэж төсөөлж байсан уу?
Анхны цомгоо бараг жил зүтгэж байж гаргаж байсан. Цомгийн маань ажилд “River Sounds” болон “Hi Fi Label”, “440 Герц” студийнхэн хамтарч ажилласан. Цомгийн онцлог гэвэл дөрвөн англи, таван монгол дуутай гарч байлаа.Олон төрлийн хөгжмийг багтаасан, альтернатив чиглэлийн дуунууд орж байсан юм. Тэр нь ч үзэгчдэд их таалагдсан нь бидний хувьд юутай ч харьцуулашгүй сайхан зүйл л дээ.

-Хамтлагийн хамгийн анхны дуу?

- A Sound хамтлагийн хамгийн анхны дуу нь “Шал дэмий”. Бичлэгт орохоос өмнө огт өөр стилийн дуу байсан. Тэгээд бэлдэж байгаад бид жаз хэмнэлтэйгээр дуулж гаргаж байлаа. Тэр үед хүмүүст маш их таалагдаад бид их урам зориг орж байсан юм даг. Одоогоос зургаан жилийн өмнөх явдал л даа. Тэгээд удаагүй “Hifi” рекордстой гэрээ хийгээд бидний уран бүтээлийн гараа амжилттай эхэлсэн.

-Анх хаана дуулж эхлэв?

-Тэр үед бид 13 дугаар хороололд байдаг нэг жижиг pub-д өдөр нь бэлтгэл хийгээд орой нь үнэгүй тоглож өгдөг байсан. Тэгээд дараа нь“Их Монгол”-д тоглоод хүмүүст арай илүү танигдаж эхэлсэн.

Гэргий тань бас эмч мэргэжилтэй гэж сонссон л доо. Анх яаж танилцсан бэ?

-Эхнэр маань манай дээд курсад сурдаг байсныг нь би сүүлд мэдсэн. Нэг сургуульд байсан хэрнээ биенээ танихгүй хэвээрээ төгсчихсөн байсан. Тухайн үед манай A Sound хамтлаг дөнгөж байгуулагдаад, “Их Монгол”-д тоглодог байлаа. Тэнд дуулж байхад манай хүн намайг харсан гэсэн. Нэг өдөр танихгүй дугаараас танилцах мессеж ирлээ. Хэсэг харилцсаныхаа дараа уулзтал, яриа маань хоорондоо сайн нийлж, бие биедээ татагдаад гэр бүл болсон доо. Бид хоёр гэрлээд одоо таван жил гаруй болж байна. Би бол их удаан, дуугай хүн. Харин манай хүн бол яг эсрэгээрээ. Би эхнэрийгээ тайвшруулж өгдөг. Манай эхнэр намайг хөдөлгөж, урамшуулж өгдөг. Яг соронз шиг.

-Эхнэрийн тань ямар зан ааш нь танд таалагдсан бэ, ер нь эмэгтэй хүн ямар байх нь зүгээр вэ?

-Үнэнч, хиймэл дүртэй биш, байгаагаараа байж чаддаг тийм эмэгтэйчүүд таалагддаг. Миний эхнэр тийм л хүн байсан болохоор санаанд минь нийцсэн юм болов уу. Одоо хамт амьдраад зургаан жил болж байна. Бие биедээ уусаад, их сайн ойлголцдог болдог юм билээ. Намайг их дэмждэг.

-Та хэр романтик хүн бэ, эхнэртээ хэр халамжтай вэ?

-Би ч тийм романтик хүн биш шүү дээ. Ер нь жаахан хөлдүү тал руугаа хүн дээ\инээв\.

-Таны эхнэртээ өгч байсан хамгийн үнэ цэнэтэй бэлэг юу вэ?

-Анх танилцсан жилээ валентины баяраар “Tiffany” гэсэн бичигтэй мөнгөн зүүлт бэлэглэж байсан. Өдөржингөө хорооллын дэлгүүр хэсч, бөөн юм болж байж авч өгсөн юм даг. Тэр зүүлт одоо хүртэл байдаг. Сайхан дурсамж шүү.

-Тэгвэл эхнэрээсээ авч байсан бэлэг?

-Зөндөө л гоё бэлэг авч байсан. Хамгийн сайхан дурсамжтай нь гэвэл надад нэг үнэртэй ус авч өгсөн юм. Одоо хүртэл надад байдаг. Бараг л таван жилийн өмнө юм байна.

-Тэгээд та хэрэглэдэггүй, хадгалаад байдаг юм уу?

-Хадгалаад л байж байдаг.

-Ойрын хугацаанд дахиад хүүхэдтэй болох бодол байгаа юу?

-Одоо охин маань таван настай болчихсон болохоор тийм бодол байлгүй яахав,

-Охиныхоо талаар яриач, урлагийн хүн болох шинж ажиглагдаж байна уу?

-Миний охин одоо таван настай. Цэцэрлэгт яваад л байгаа. Бөөн бөөн авьяас шүү дээ. Дуу, хөгжим, бүжиг гээд л. Гэхдээ өөрөө бүжгэндээ илүү сонирхолтой. Балетийн дугуйланд явдаг.

-Танай эхнэр одоо хаана ажилладаг вэ, эмчээрээ ажилладаг биз дээ?

-Саяхан Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаад ажлаасаа гарсан.

- Хамтлагийн нэрийн тухайд?

-Classik гэдэг үгэнд А үсэг ордог. Тэгээд sound гэдэг нь дуу, дуугаралт гэсэн утгатай. Тэгэхээр шилдэг дуугаралт л гэсэн утгатай юм даа. Нэр өгөхөд их хэцүү байсан. Манай хамтлагийн төгөлдөр хуурч байсан Пүрэвсүх энэ нэрийг өгсөн.

-Анхны цомог, тоглолтын талаар?

-Манай хамтлагийн хамгийн анхны том тайз бол 2008 оны “Coken beat” наадам. Монгол шилтгээнд болж байсан. Тэр үед олон хүний өмнө анх удаа гарсан болохоор их сандарч байв. Өөрсдийгөө таниулах тоглолт байсан болохоор их хичээж байлаа.

-Анхны хайрынхаа талаар ярьж болох уу?

-Бүх хүн л дурладаг. Би ч бас дурласан. Богинохон хугацаанд л хайрласан гэх үү дээ. Цуг байж болохгүй шалтгаан байсан болохоор тэгээд бүтээгүй юм аа. Тэр охинтой нэг л удаа үүлзаж байсан. Тэр талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Миний хувьд сайхан дурсамжуудын минь нэг.

-Охидоос захиа авч байв уу, бас өгч байв уу?

-Авах нь авдаг л байлаа. Гэхдээ тийм олон биш ээ. Өөрөө ч өгдөг байгаагүй. Би ер нь тийм санаачлагатай хүн биш шүү дээ. Их даруухан, ноомой хүн.

-Танайх олныг хамарсан том газар яагаад тоглолт хийдэггүй юм бэ, ер нь тэмдэглэлт баярын үеэр ч юм уу цөөнхөд зориулсан тоглолт хийх юм?

-“UB Palace” хамгийн том нь байна. Гэхдээ суудалтай болохоор амьд хөгжмийн тоглолт хийхэд тохиромжгүй байдаг. Тийм болохоор илүү чөлөөтэй байлгах үүднээс “SS Club”, “I Loft” хоёрт л хийдэг. Хотоос жаахан зайдуу гэвэл Нисэхийн Спорт цогцолбор байна л даа. Даанч холдоод байгаа юм. Угаасаа хүмүүс амьд хөгжмийн хамтлагийн тоглолт үзэж байж хөдөлгөөнгүй суугаад байх хэцүү биз дээ. Тэр хөгжмийг мэдэрч, аянд нь дагаж бүжиглэж, чөлөөтэй байж сэтгэл ханамжийг мэдэрнэ.

-Гадны хамтлагийн дууг дуулдаг ч юм уу, гадаад хэлээр дуулдаг гэсэн шүүмжлэлд өртөж байв уу?

-Үгүй ээ. Харин ч магтуулдаг шүү. Бусдаас өөр, шинэлэг байж чадаж байна гэдэг утгаараа хүмүүс сайхан хүлээж авдаг. Зөвхөн англиар биш монголоор бас дуулдаг шүү дээ.

-Энд, тэнд амьд хөгжмийн тоглолт хийгээд явж байна. Ямар ханштай дуулах вэ?

-Тэр талаар ярих дэмий байх аа.

-Уг нь эмч мэргэжилтэй гэсэн. Мэргэжлээрээ цаашид ажиллах бодол байгаа юу?

-Бараг ажилахгүй байх даа. Би ерөнхий мэргэжлийн эмчээр төгссөн. Эмч нар тэгээд цаашаа нарийн мэргэжлээр сурч байж ажилладаг болохоор дахиад сурах хэрэгтэй болно. Мөд сураад дуусахгүй байх даа.

-Танай гэр бүлд урлагийн авьяастай хүн байгаа юу?

-Манай аав ээж хоёр залуудаа гитар тоглодог байсан гэсэн. Тэгээд ээжийн хамаатнууд ер нь их урлагт элэгтэй, дуртай хүмүүс байдаг юм аа. Манай өвөө мандолин, лимбэ, ятга тоглодог хүн байдаг.

-Залуу хүний хувьд хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Би хүссэн зүйлээ хийж байгаа. Мэдээж цаашид улам илүү ихийг хийхийг л бодно доо.

-Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?

-Манайх тав, зургаан удаа нүүсэн. Яг үндсэндээ хамгийн гоё дурсамжтай үеэ 40 мянгатад өнгөрөөж байжээ.

-Дурсамжтай үеэсээ дурсаач?

-Тэр үед хятад компьютер гарч ирж байсан. Тоглох ч их дуртай байж. Тэр нь тэгээд манай ахынд нэг байдаг. Гэхдээ бид нарыг хүссэн үед нь тоглуулдаггүй. Тоглуулахдаа болзолтой. Савлуур дээр суниалгадаг байлаа. Тоглохын тулд найман удаа заавал суниах ёстой. Тийм болохоор тоглохын тулд гүрийж суниасаар байж тоглодог байлаа даа.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд хүн бүр улс төржөөд байна шүү дээ. Та хэр улс төржиж байна, энэ сонгуулиар хэнийг дэмжих вэ?

-Би улстөр нэг их сонирхоод байдаггүй л дээ. Гэхдээ сүүлийн үед сонирхохгүй бол бас болохгүй болчихсон юм шиг байгаа юм. Тэр луйвар хийсэн, тэдэн төгрөг идсэн гэх мэт энэ сөрөг мэдээллүүдээс болоод ард түмэн яалт ч үгүй сонирхоод байгаа. Гэхдээ яахав эерэг талаас нь хардаг хүмүүс байдаг л байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд гурван нэр дэвшигчээс хамгийн боломжтой нь Элбэгдорж юм болов уу гэж бодоод байгаа. Ямар ч байсан ерөнхийлөгч байх дөрвөн жилийн хугацаандаа зүгээр байгаагүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр муулах нь ч хаашаа юм бэ. Гэхдээ нөгөө хоёр нь арай л биш ээ.

-Улаанбаатар хотын хөгжлийн талаар?

-Бүх салбартаа сайн хөгжиж байгаа шүү дээ. Нэг гэм нь жаахан эмх замбараагүй л хөгжөөд байх шиг байна. Энэ нь бас л нөгөө улс төртэйгөө холбогдох байх. Ихэнх хүмүүс нь мөнгөнд дэндүү шуначихсан, үхэхдээ тэрийгээ аваад явах юм шиг л аашлах юм байна шүү дээ. Мэдэхгүй, тэгээд мөнгөнөөс болоод өөрийгөө хянаж чадахаа больчихдог байж магадгүй л юм.

-Амьд хөгжим сонирхогч залуус сүүлийн жилүүдэд нэмэгдэж байх шиг байна?

-Амьд хөгжим хөгжлийн замаараа жам ёсоороо хөгжиж байгаа. Их олон урсгал гарч ирж байна. Анх манайхан амьд хөгжим гэхээр рок хөгжим л гэж ойлгодог байсан. Тэгээд рок хөгжим гэхээр урт үстэй, хар хувцас өмсдөг, орилдог хүмүүсээр төсөөлдөг байлаа. Одоо бол хүмүүс мэддэг болоод, олон урсгалаар нь ялгаж салгаад сонсдог болсон шүү. Шинэ урсгал ч гаргаж эхэлж байна.

-Гадагшаа гарч амьдаръя гэж бодож байв уу?

-Нэг мөсөн гарч амьдрах нь ч юу юм, гэхдээ хэсэг хугацаанд амьдрах сонирхол бол байна.

-Та өөрийгөө 70 гаруй нас хүрчихээд ямар хүн байна гэж төсөөлдөг вэ?

-Хийх ёстой бүхнээ хийчихсэн байна байх даа. Хүмүүс хөгшрөөд чаддаг байсан юмаа чадахаа болиод ирдэг дээ. Миний төсөөллөөр бол би ер нь тийм болохгүй юм шиг санагддаг ш дээ. Би л лав хөгширсөн ч гэсэн дуулсаар л байна байх.

-Хэдхэн жил дуулаад чимээгүй болчихсон хамтлаг Монголд их бий шүү дээ...
-Би ирээдүйг тааж хэлж чадахгүй ээ. Гэхдээ бид сэтгэл, зүрх, сонирхлоороо нэгдэж чадсан хамтлаг. Хүслээр болдогсон бол мөнхөд байлгамаар л байна. “А Sound” тайзан дээр хичнээн удаан оршин тогтнож чадна, төдий чинээ урт насалж, удаан амьдрах болно.
-Заримдаа урлагаас шантрах бодол төрдөг үү?
-Шантрах бодол хэзээ ч төрж байгаагүй. Надад уран бүтээл минь урам зориг, эрч хүч хайрладаг.

-Та ямар дуу сонсоод сэтгэл хөдлөлийн хамгийн дээд хязгаарт хүрдэг вэ?
-Яг тухайн дуунаас үргэлж нэг зүйлийг мэдрэх боломжгүй. Тухайн хүний сэтгэл санааны байдлаас шалтгаалж дуу хүнд өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Миний хувьд хамгийн сүүлд U2 хамтлагийн “Where the streets have no name”-ийг сонсоод сонин болсон.

-Дуучин байхын сайхныг тухай хүмүүс хангалттай ярьдаг. Харин дуучин байх нь бидний боддог шиг тийм амархан “мэргэжил” мөн үү?
-Амаргүй үе зөндөө тулгарч байлаа. Дотроо уйлж байгаа хэрнээ инээх хэрэгтэй болно. Бас гаднаа уйлаад дотроо инээдээ барьж ядах үе ч бий. Энэ л хамгийн хэцүү нь.
-Спорт хэр их сонирхдог вэ?
-Яахав гайгүй ээ. Хөл бөмбөг үзэх дуртай.
-Аль багийг дэмждэг вэ?
-“Челси”.
-Ярилцсанд баярлалаа.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ