Охидыг тарьж унтуулаад хулгайлдаг болжээ
Алга болсон хүнийг дээхнэ төөрчээ гэдэгсэн. Одоо эд, эрхтэн нь яагаа бол гэх эмзэг сэтгэл төрөх болжээ. Цагийн өнгө гэж тэр. Алга болсон есөн настай охиноо зарлуулах гэж зарын нэгэн сонинд өнгөрөгч амралтын өдөр хандсан эцэг, эх хоёр тэндхийн ажилчдыг бүр айлгаж орхиж. Аргагүй ш дээ, нялх охин үртэй залуус ийм мэдээг эмзэг хүлээж авалгүй яахав.
Сонинд хандсан хоёрын охин III-IV хороолол хавиас алга болсон байна. Хоёр, гурав ч хоносон юм байх. Энд, тэнд бичмэл зар наагаад тус эс олсонд ингэж яваа юм байна. Дарь дээр давс гэгчээр тэр хоёрын амьдардаг байрны хажуугийн байшинд суудаг хүмүүс нэгнийдээ тохиолдсон явдал ярьсан нь мань хоёрыг төдийгүй, сонины ажилчдыг бүр дагжин чичрэхэд хүргэжээ.
Тэр айлд ийм зүйл тохиолджээ. Өсвөр насны охин нь нэг орой гуйвсаар орж ирээд унтаад өгчээ. Архи, пиво амсдаг ч үгүй юмсан гээд үнэртэж үзвэл огт тийм шинж илрээгүй байна. Юутай ч сэрэхээр нь болъё гээд жаал унтуулжээ. Охин төдөлгүй сэрээд ийн ярьсан нь сонсоход л аймаар.
-Автобуснаас буух гэж байтал хүмүүс тал, талаас шахаад бүр хөдөлгөөнгүй болгочихсон. Тэгээд хонго руу часхийгээд тарих шиг болсон. Арайхийж автобуснаас буугаад явтал нүд бүрэлзэн, чих шуугиад, хөл гуйвсан. Нойр хүрэх шиг болохоор нь арай ядан явсаар гэр ойр тулдаа орж ирсэн байх” гэжээ. “Байх” шүү. Ухаан нь балартсан байгаа биз.
Ингээд хонгыг нь үзтэл үнэхээр зүүгээр хатгасан бололтой ором харагджээ. Ийм л юм болж. Одоо дүүргийнх нь цагдаа шалгаж байгаа биз. Хятадад хүүхэд хулгайлахдаа бензол, гексанол мэтийн хурц үнэртэй, амьсгал боогдуулагч шингээсэн алчуураар ам, хамрыг нь дараад ухаан алдуулдаг юм гэнэ билээ. Манайд тарьж унтуулаад хулгайлдаг болжээ, янз нь.
Цагдаагийн байгууллагын мэдээгээр бол, ерээд оны дундуур хүүхэд алга болох нь олон ч ихэнх нь тэнэж яваад харих юм уу, хаяг тогтооход очдог байжээ. Нэг хэсэг гайгүй байснаа сүүлийн нэг, хоёр жил буцаад өсөж байгаа бөгөөд, харин хүний наймааны золиос болох шинжээр илэрдэг болсон гэх.
Хүний наймаа гуравхан хувилбартайг мэднэ биз дээ. Нэгд, бэлгийн, хоёрт, хөдөлмөрийн мөлжлөг ордог юм. Гуравт, хамгийн аймшигтай нь буюу эрхтний донор болгох. Аль нь ч манайд бий гэдэг нь маргашгүй болжээ.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ