Гурван Нямдоржийн тавилан

Уучлал гуйх дургүй Нямдорж

Нямдорж нэртнүүдийн олон олон тавилан, төөргөөс бид гурвыг сонгож авлаа. Эхний Нямдоржийг яг одоогоор “синдром нь хөдөлсөн” (өөрийнх нь товч тодорхойлсноор) МАХН-ын зарим гишүүд АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргаад байгаа. Учир нь түүнийг төрийн мөнгөнөөс идсэн уусан, нуусан дарагдуулсан гишүүдийн булхайг нуун дарагдуулсан хэмээн буруутгаад байгаа.

Мөн энэ цаг үед УИХ-ын гишүүний алба хашдаг манай Нямдоржийг “мэргэжил” нэгт Х.Баттулгынхаа нэр төрд халдсан болохыг анхан шатны шүүх дахин тогтоож, уучлал гуйх шийдвэрийг гаргаад байна. Гэсэн ч мань эр хэгжүүн сэхүүнээрээ алдартай юм болохоор өнөөхийнхөө өмнө очиж “уучлаарай” хэмээн толгой бөхийх хүсэл хэзээ ч төрөхгүй гэдгийг олон хүн мэднэ.

Ц.Нямдорж бол Увс аймгийн Малчин суманд 1956 оны наймдугаар сарын 10-ны өдөр мэндэлсэн. Улаангом хотын нэгдүгээр дунд сургуулийг 1975 онд,ЛенинградынУлсын их сургуулийг хуульч мэргэжлээр 1981 онд төгсөж энэ тухайгаа “В.Путин, Д.Медведев бид гурав чинь нэг багштай юм шүү дээ” хэмээн сайрхах дуртай нэгэн.

Хууль зүйн яамны сайдаар гурван удаа, дэд сайдаар нэг удаа томилогдож байсан тэрээр Увс аймгаас олон удаа сонгогдон тойрогтоо “дархлагдсан” гэж хэлж болохоор. Ц.Нямдорж гэр бүлийн хамт “Энержи ресурс” компанийн барьсан Зайсан дахь орон сууцны хотхонд 285 мянган доллар буюу 370 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байранд амьдардаг гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баттулга дэлгэсэн байдаг. Өөрөө сонинд ярилцлага өгөхдөө “Зөвхөн байрны урсгал зардал болох 400 мянган төгрөг төлдөг” гэсэн нь түүнийг олон хэрэгт хутгаж, АТГ-т шалгуулах шалтгаан болсон юм. Өмнө нь олон жил дагалдан үнэнч нөхөр нь явсан ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нөхөрлөлөөсөө урваж түүнийг “дөрвөн тэрбум төгрөгийн дөрвөн хаустай” хэмээн зарлаж АТГ-т шалгуулна гэж новширсон. Үүний хариуд “Би түрээсийн байранд амьдардаг, хүүхдүүд маань зээлээр байшин бариулсан” гэж тайлбарлаж байв. Яс юман дээрээ хэн нь нөхөрлөлөөсөө түрүүлж урвасаныг ард түмэн бараг гадарлана даа.

УИХ-ынгишүүн Х.Баттулга Ц.Нямдорж сайдыг “Энержи ресурс” компанийн байранд үнэгүй суудаг гэж АТГ-т шалгуулсан. УПЕГ үүнд хэрэг үүсгэхгүй гэж мэдэгдсэн тул АТГ баримтуудыг шалгах боломжгүй гэж мэдэгдэж байсан. Өөрийг нь АТГ-т “матаж” брэндийн гутлын улыг нь элээчих шахсаных нь хариуд ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгыг солонгос, хятадуудтай нууц гэрээ хийсэн хэмээнолон нийтэд дэлгэсэн. Үүнийгээ батлахын тулд ЗТБХБ-ын яамны ажилтнууд болон Засгийн газрын гишүүдийг “уруу татаж” байв.

Манай Нямдорж 2008 оны долдугаар сарын нэгний үймээний үеэр таван хүний амь үрэгдэж, олон хүн хохирсныг “хожимдож онц байдал зарласан” гэж тайлбарладаг аж. Үүнд тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр буруутай гэсэн байр сууриа цөөнгүй удаа хэвлэлээр дайсан байдаг. Гэх мэтчлэн эхний Нямдоржийн тухай яриа дуусахгүй хөвөрнө.

Түмнийг цэнгүүлэгч

Дараагийн Нямдорж маань бөх, тэхээр олон жил явсан бөхчүүд хэмээх нийгмийн нэгэн хэсгийн тэргүүн нь. МҮЭ-ийн ерөнхийлөгч, Олимпийн хорооны ерөнхийлөгч, МҮХАҮТ-ын дарга гэдэг алба ажил гэхээс илүүтэй угсаа залгамжлах ханхүү аятай болсонтой дүйх бас нэг жишээ энэ Нямдорж.

Бөхийн холбооны тэргүүний албыг хэдэн ч жил юм дээ мэдэхгүй хашсан энэ эрхмийн дэргэдүүр олон ч аварга үеэ өнгөрөөж, зодгоо тайлж өнгөрч дээ.

Зарим хүмүүс Үндэсний бөхөд болж байгаа бүхий л муу муухайг энэ хүнтэй холбоотой гэж үздэг.

Бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн гэдэг “кино”-той мань хүн эвлэршгүй тэмцдэг гэдэг ч өнөөх сэргээштэй бөхчүүд нь хорондоо манай Нямдоржийн наадмаар найруулсан начин, харцага, заан, гарьд, арслангийн найрааг нь илчилчих гээд байдаг гэмтэй. Яг ийм жишээг өнгөрсөн жилийн тэр нэгэн өдөр улсын арслан Х.Мөнхбаатар үзүүлж бөхийн холбооны тэргүүний 70 саяын асуудлыг нь зарлаж билээ.

Мөн Бөхийн өргөөг өөрийн мэдэлдээ 20 гаруй жил байлгаж, орлогыг нь халаасалсан, хамгийн олон фэнтэй бөхчүүдийн нэг Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн далай, даян аварга Агваансамдангийн Сүхбатыг зодог тайлуулж дөнгөсөн зайтай нэгэн ч гэдэг. Энэ талаар ч А.Сүхбат аварга “Бөхийн холбооны удирдлага солигдвол би барилдана.

Түрүүлж үзүүрлэхгүй байсан ч хамаагүй, барилдах урлагийг үзүүлмээр байна” гэж байснаас нь харахад илт. Гишүүн Нямдорж гэлтгүй тэргүүн Нямдоржийг ч АТГ-т шалгавал зохилтой мэт. Харамсалтай нь наадмаар дэнж хотойлгон дэвэх бөхчүүд нь бүгд тэргүүнээ бараадан АТГ-ын үүдийг сахих гээд байгаа тул олон түмнийг цэнгүүлэх асар том эрх ашгийн үүднээс түүнийг шалгадаггүй биз.

Санаа сайн бол заяа сайн

Манай нийтлэлийн гурав дахь эрхэм бол эрх зүйч мэргэжилтэй. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж их засаг их сургуулийг төгссөн.

Нэр нэгтийн чих нэг гэдэгчлэн тэрээр Хууль зүйн сайд болно гэж мөрөөддөг. Аав, ээжтэйгээ амьдардаг тэрээр одоохондоо мэргэжлээрээ ажилладаггүй.

Гэхдээ мэргэжлээрээ ажиллаж, нөгөө хоёр Нямдорж шигээ нийгэмд нөлөөтэй хүн болох нь баараагүй гэж боддог. Гэхдээ сайн талаараа нийгэмд дурсагдсан Нямдорж болно гэдэг. Энэ чинь л түүний хамгийн том давуу тал.

Санаа сайн бол заяа сайн гэж. Тэрээр сардаа 400 мянган төгрөгийн орлоготой, дансандаа 300 мянган төгрөгтэй ч АТГ-ын үүд сахиж, шүүхийн хаалга савчуулахгүй аятайхан төөрөгтэй. Тэр аятайхан төөргөө өөрөөл хэрэгжүүлж яваа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ