Б.Есүгэн охины аав Б.Батсайхан: Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ

"Төгс Гүрэн" ХХК-ийн өргөгч цамхагт даруулан амь насаа алдсан Б.Есүгэн охины шүүх хурал хойшиллоо. Учир нь шүүгдэгч н.Болд, н.Саранхүү нарын өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж дуусаагүй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан юм. Мөн шүүгдэгч н.Гантөмөрийн өмгөөлөгч нь шинжээч н.Ургамал болон н.Чулуунчимэг нарыг шүүх хуралд байлцуулах шаардлагатай хэмээн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, ийнхүү хойшлууллаа. Харин шүүгдэгч Буянтэгшийн өмгөөлөгч Баясгалан хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байна. Улсын яллагч С.Батгэрэл өмгөөлөгч Баясгаланг шүүх хуралд ирээгүй нь шүүн таслах ажиллагаанд саад учрууллаа хэмээн үзэж цагдан хорих арга хэмжээ авах саналыг шүүх бүрэлдэхүүнд тавьжээ. Гэвч Шүүх бүрэлдэхүүн улсын яллагчаас ирсэн саналыг хүлээж аваагүй байна. Шүүх хурал ирэх сарын гуравны 08.00 цаг хүртэл хойшилж байгаа юм. Шүүх хурлын ерөнхий шүүгчээр М.Нармандах, Улсын яллагчаар С.Батгэрэл, өмгөөлөгчөөр Н.Хувцагаан, С.Ариунцацрал, Н.Мөнхболд, Н.Баясгалан, М.Мөнгөнхүү, Н.Сүрэнхүү нар ажиллаж байна. Энэ хэрэгт холбогдох есөн хүний хоёрыг нь буюу краны жолооч н.Гантөмөр, н.Дашням нарт 94.1 буюу Бусдын амь насыг санамсар болгоомжгүйгээр хөнөөсөн, компанийн бусад удирдлагуудад 183.1 буюу Аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

Шүүх хурлын дараа Б.Есүгэн охины аав Б.Батсайхантай цөөн хором ярилцав.

-Жил гаран болж байж хийсэн шүүх хурал өмгөөлөгчдөөс болоод хойшилчихлоо.Таны байр суурийг сонсъё?

-Өмгөөлөгчид нь ирээгүй, тэгээд хойшлуулах номтой журамтай бол хойшлуулахаас яахав дээ. Дараагийн шүүх хурлын хугацааг хүлээхээс өөр аргагүй боллоо. Дараагийн хурал дээр хойшлохгүй байх гэж бодож байна. Шүүгч нь ч өмгөөлөгчдөдөө анхааруулж байх шиг байна.

-Хохирогчийн хувьд хэнд ямар шийтгэл оногдох ёстой гэж бодож байна?

-Миний хүссэнээр болохгүй байх л даа. Хууль шүүхээрээ дүгнэлтээ гаргах байх. Шүүх бие даасан байгууллага. Би шүүхийг хүндэтгэж байгаа. Ямар шийдвэр гаргана, түүнийг нь дагана.

-Эдгээр шүүгдэгч компанийнхан тантай хэр холбоотой байдаг вэ?

-Надтай холбогдож санал тавих гэсэн. Би хүлээж аваагүй. Хэнтэй нь ч холбогдоогүй.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ