50 мянгаар торгуулсан нэг ч тамхичин байхгүй

Улаанбаатарын хамгийн том Сүхбаатар дүүргийн Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын байцаагчийн хэлсэн албан ёсны үгийг хүргэж байна. “Тамхины хяналтын хууль”-ийн хэрэгжилтийг энэ үг яруу тод илтгэж байгаа юм. Үнэхээр дампуу хууль болсны шинж харагдаж байна гэхэд хилсдэхгүй. Манайхан хуулийг дээр, доргүй буруу ойлгох юм даа.

Торгож, шийтгэж, шоронд хорих ёстой л юм боддог бололтой. “Тамхины хяналтын хууль” гэхэд л тамхичдын эрхийг хамгаалахаас эхлэхёстой баймаар. Олон улсын хэллэгээр бол тамхидалт нь сонголт юм билээ. Тэгэхээр, тамхи хаанаас худалдан авах, хаана татаж болохыг хэлж өгөх хэрэгтэй. Хожимдсон хэдий ч энэ талаар анхаарах болсон нь сайшаалтай. Ямарч байсан тамхи татах цэгтэй болно гэж ойлгож болох нь ээ. Уг нь үүнээс л эхлэх байв. Тэгснийхээ дараа харин тэр торгууль, моргуулиа яривал дээрсэн. Торгууль гэснээс яг өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тамхи татаж байгаад торгуульсан нөхөр нэг ч алга гэх.

Энэ талаар эхэнд дурдсан билээ. Байцаагчид ч хатуу үнэнийг хэлж байна. “Хорьсон гэх газруудад тамхи бараг татахгүй байгаа нь ажиглагдлаа. Ийм байхад заавал торгох гэх хэрэггүй. Ганц нэг татах аваас торгоход бас асуудал гарч байна. Урьдчилгаа цалингаа аваад явж буй залуугийн эхнэр хүүхдээ тэжээх мөнгөнөөс тамхи татлаа гээд шууд 50 мянган төгрөг авчихна гэхээр сэтгэл хүрэхгүй юм. Арай л хатуудаад байх шиг ээ. 5000 төгрөг байсан бол хамаа алга. Торгож л орхино.

Торгох гэж үзсэн. “Өө, уучлаарай. Тамхиа унтраагаад орхиё” гээд хогийн цэг рүү алхангаа зугтаж орхих залууг яах билээ. Зарим нь бүр акурка татаад зогсож байдаг. Түүнд 50 мянга байтугай 500 төгрөг ч байхгүй ш дээ. Түүнийг яах болж байна аа. Иймэрхүү зовлон их” гэж ярих байцаагчдаа ч яах билээ.Тамхины торгуулиас татвар бүрдүүлнэ гэж эрхэм гишүүд тооцсон юм гэнэ лээ. Тийм харалган юм гэж бас байх аа. Манай хууль санаачлагч, батлагчдыг ер нь яамаарч юм бэ дээ? Бид өөрсдөө сонгочихсон байдаг. Өнөөх нь сэтгэлийн хөөрлөөр нэг юм сэдээд батлуулж орхидог. Ай, мөн гаслантайяа. Ёстой л “Тамхины хууль” тулдаа л болж байна даа.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ