Мисс Т.Туяамаа харийн оронд нярайлж, охин үрээ өлгийдөж авчээ

Хайртай залуутайгаа хамт харийн оронд ажиллаж, амьдрахаар одсон мисс, загвар өмсөгч Т.Туяамаа энэ сарын 04-нд нярайлж, хөөрхөн охиноо өлгийдөж авсан баяртай мэдээг дуулгалаа. Дорнод нутгийн гоо бүсгүйчүүдийн төлөөлөл гэгддэг үзэсгэлэнт бүсгүй маань өнгөрсөн хугацаанд хөл хүндтэй гэдгээ чамгүй нууцалж явсан ч, хуримын зураг авахуулах үеэрээ энэ нууцаа олонд дэлгэсэн билээ.

Олон улсад нэр хүндтэй загварын агентлагт гэрээт моделиор ажиллахын сацуу мэдлэг боловсролоо дээшлүүлж яваа мисс Т.Туяамаа бэлтэй айлын хүүтэй дэр нэгтгэхээр шийдсэн бөгөөд хурим найрын товоо ч хэдийнэ зарлаад амжжээ. Харин нижгэр хуримынхаа өмнөхөн анхны үрээ өлгийдөн авч аав, ээж болцгоосон залуу хосууд маань энэхүү баярт мэдээгээ загварын ертөнцийн найз нөхөддөө саяхан дуулгасан аж.

Энэ тухай мисс Т.Туяамаагийн нөхөр нь “2016 оны 10-р сарын 04-ний 16:05 цагт буюу Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр дөрвөн килограмм охинтой боллоо. Т.Туяамаа чи минь үнэхээр мундаг тэвчээртэй байлаа. Чамдаа маш их баярлалаа. Бид хоёрын хүсэн хүлээсэн охин маань хорвоод мэндэлчихлээ шүү дээ. Та хоёртоо би аз жаргал, инээд баясал, эрүүл мэнд гээд бүхнийг зөвхөн зориулна аа. Хайртай, чамдаа хязгааргүй их хайртай шүү. Мундаг зоригтой, тэвчээртэй байсан гэргийд минь мэнд хүргэсэн найзууд, ах эгч, дүүс минь баярлалаа, та нар” хэмээн сэтгэл догдлон байж цахим хуудсандаа бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ