Н.Хүрэлбаатар гэж ер нь хэн бэ

Хоёр сая 245 мянган юань, 419 сая төгрөг, 6000 ам.доллар барагтай аавын хүүгийн гэрт хэвтэж байдаг мөнгө биш. Гэтэл байсан нь хачин. Интерполоор түүнийг эрэн сурвалжилж байна, үгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр нэг цацагдсан. Тэгтэл тэр цаашаа биш, наашаа явж байж. Өөрөөр хэлбэл, зугтаагүй. Харин ч өөрөө ирэв. “Би олон улсын хэдэн хуралд суулаа. Удахгүй харина”.

Түүний амнаас гарсан үг ердөө л энэ. Баривчлах үеийн байдлыг нь ажвал, огт цочирдсонгүй. Тэр нь хоёр янзаар тайлбарлагдах ёстой. Нэгд, нэгэнт л хийгээгүй юм чинь намайг яав л гэж. Хуулийнхан үнэн мөнийг олох биз гэсэн сэтгэхүй ажиглагдаж байна.

Хоёрт, цайрсан хүн нэг тэгдэг талтай. Гэхдээ Н.Хүрэлбаатарын хувьд тэгэх хугацаа болоогүй. Ихэд цочирдоод, сүүлдээ шулуудсан хүнээс л тийм психолог гарна. Хүүхдийнх нь гэрээс гарсан мөнгөнд анхаарлаа тэгтэл хандуулах хэрэггүй.

Монгол Улсын иргэн, насанд хүрсэн хэний ч гэрт “хэдэн” төгрөг хэвтэж байж болно биш үү? Энэ чинь ардчилсан нийгэм, зах зээлт тогтолцоо байх аа. Зүйрлэвэл, жирийн сэтгүүлч миний охин аваад уначихсан машины мөнгийг над дээр тохож болохгүй биз дээ. Ер нь ингэхэд Н.Хүрэлбаатар гэж хэн бэ? гэдэг асуулт гарна.

Ерээд оны эхэн үеийн АУИС-ийн нэрийн хуудас болсон цөөн оюутны нэг л дээ. Ний нуугүй хэлэхэд бид дээд, доод курсын сайхан найзууд. Хаана нийгмийн идэвх хэрэгтэй, тэнд Хүрлээ л явна шүү дээ. САА-д багшийг орлоод курсын хэдээ удирдчихна. Уралдаан тэмцээн, урлаг спорт хаана болно, байж л байна. Эрдэм шинжилгээний хурал, консерциум түүнгүйгээр болохгүй.

Тэр үеэс л МАН/тухайн үеийн МАХН/ түүнийг уургалчихсан нь мэдээж. Сургуулийн шилдэг оюутнуудаас шигшиж байгаад эгнээгээ өргөтгөдөг байсан юм. Намын орлогч гишүүнээр татаад, нэг ахмадад даалгачихна шүү дээ. Нэг л тэгсэн бол тавих нь байтугай, хараанаасаа ч гаргахгүй дээ.

Тийм хувь заяа түүнийг тойроогүй. 2000 оны эхээр мань хүн хааяа дүүргийн болон хотын намын байраар харагддаг болсныг нөхөд нь ярьдаг. Үнэнийг хэлэхэд тэр гэнэт л дэд, жинхэнэ сайд болчихсон юм. Тэгээд намаас нь сонгуульд сойно гээд шуудруулчих шиг болсон доо.

Ингээд намаасаа гараагүй түүнийг сайдын албан тушаалаар түр уячихсан билээ. Албан тушаал өгснийхөө шанг авдаггүй нам байдаггүй юм.Хариугаа харин ч хоржоонтой, хатуу авах нь мэдээж. Эмнэлгүүдэд хуваарилсан тоног төхөөрөмж түүний гараар орсон гээд буй.

Тэр худлаа. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, алдарт “тендер” Н.Түмээ түүнийг “зохицуулчихсан” нь нэгэнт тодорхой болсон. Баян намын сонгуульд гаргасан эх, адаггүй их мөнгөнд харин чирэгдчихэв үү, яав. Нам нь мөнгө олуулсан, тэгэхийг хүчээр тулгасан, хадгалж байхыг дааслгасаныг үгүйсгэх аргагүй. Аль ч нам, тэдний олигархиуд тэгдэг зантай.

Тэгээд бишдэхээр бусдыг өмнөөсөө түлхээд, өөрсдөө үлдчихдэг башир аргад мэргэшсэн улс даа. Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Тунгалаг гэдэг эмэгтэйг тэгсэн ш дээ. Намынхаа дансанд сая саяар нь хийлгэж аваад, өөрийг нь “Луусангийн” гэх хориход илгээчихсэн билээ.

Өрөвдөнө гэж харин ч нэг байхгүй дээ. Эргэж харна гэж ёстой гонж. Н.Хүрэлбаатар Ховдынх. Ховдынхон хоёр, гурван ч талд /МАН, АН, МАХН/ хүчтэй.

Ер нь УИХ-д үүрлэсэн олигархиудад хавчуулагдсан Н.Хүрэлбаатар байтугай нь гарахгүй. Тэрний оронд газар хөдлөхөд хадан хясаанд хавчуулагдвал харин амьд үлдэх магадлалтай. Н.Хүрэлбаатарт ийм л юм тохиолоо. Үнэн нь олдох буй за. Хорих руу ачигдахдаа хэлсэн гуравхан үг ч үүнийг тодотгох мэт. “Үнэн мөнийг олох байх”. Найз маань ингэж хэлээд л явсан даа.

Г.Мөнхнасан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ