Булчин тариаг хүчирхийллийн нэг хэлбэр гэж үзжээ

Тариулахаас хүүхэд битгий хэл томчууд ч айх нь бий. Тэгэх ч ёстой. Махан бие рүүгээ дөрвөөс зургаан цагийн зайтай зүү шивүүлээд байхыг хэн бодох вэ. Үгээр гаргаад хэлэхгүй ч, үйлдлээрээ эсэргүүцэж буйн шинж нь тэрхүү айдас юм. Ер нь монголчууд шиг тариулах, хатгуулахын донтой улс ч ховор биз. Та бишгүйдээ л сонссон байх. “Хавар болоод ядраад байх юм. Хэд сайн дусал хийлгэхсэн” хэмээн манайхан хээв нэг хэлдэг дээ. Энэ дуслын талаар хэдэн үг эхлээд хэлэхгүй бол горьгүй нь. “Хэд хоног савчихлаа. Дусал хийлгэж хордлогоо тайлахаас” гэх яриа ч буй. Дусал хордлого тайлдаг нь үнэн л дээ. Гэхдээ үргэлж хийгээд байдаг эд бас биш. Бие махбод дасвал түүнээс ч аюултай. Хаврын эхэн сар гарав уу, үгүй юу ядраад л эхэлнэ. Яав, таны бие махбод дуслаа нэхэж байгаа нь тэр. Ялангуяа түүнд хольдог элдэв аминдэмүүдийг. Угтаа бол таны организм тэр зүйлсийг идсэн хоол, уусан унднаас чинь өөрөө ялган авдаг зохион байгуулалттай гэж байгаа. Гаднаас өгөөд байхаар тэр золиг биднээс залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихдог юм байна. Архи уувал л хэвтчих гээд байх болно. Бас л дусал нэхэгдэж байгаа нь тэр. Ингээд та яваандаа дуслаас хамааралтай нэгэн болж орхино гэсэн үг. Архинаас хамааралтай нөхөр гэдэг шиг. За дуслаар нэг иймэрхүү. Булчин тарианы хувьд асуудал бас байна. Ханиад хүрлээ гээд л манайхан гэрээр тариулах нь элбэг. Тариа хийж чаддаггүй монгол хүн ч байхгүй болж. Булчинд голдуу антибиотик тарьдаг шүү дээ. Тариа нь ч яахав, эм гэе. Тарьж байгаа үйлдлийг нь дэлхий нийтээр өөрөөр хардаг болжээ. Шуудхан хэлэхэд, хүний булчинд тарих нэрээр зүү шаах нь тамлах, тарчилгахын нэг хэлбэр гэж үздэг болсон байна. Энэ талаар Нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаяр ийн ярив. “Хүний эрхийн талаасаа ч яригдана. Хүчирхийлэл ч гэхэд хилсдэхгүй. Ер нь тэгж үздэг болсон. Гарцаагүй тохиолдолд тарилгүй яахав. Гэхдээ аль болох зайлсхийх хэрэгтэй. Манай эмнэлгийн хувьд бараг бүрэн татгалзаад байна. Тариа хийлгэх ёстой хүний судсанд байнгын уян зүү суулгаад түүгээр нь хийж байгаа. Энэрэнгүй талаасаа ч, эмчилгээний үр дүнтэйгээрээ ч давуутай. Гэрээр тарихыг бүр болиулах хэрэгтэй. Биеэ сайн дураар сэглээд яах вэ” хэмээлээ. Бүх эмнэлэг ийм болох нь дамжиггүй.Бусдыгаа үлгэрлээд эхэлчихсэн эдний хамт олонд баяр хүргэе дээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ