Б.Загдсамбар: Дулааны улиралд багтааж зуслангийн газрыг өмчлүүлнэ


Нийслэлийн өмчийн харилцааны газрын газрын өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбартэй ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд хэчнээн иргэн газраа өмчлөөд байна вэ?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хууль хэрэгжээд 10 жил болж байна. 2003 оны тавдугаар сарын 1-нээс энэхүү хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 97 мянга 482 иргэн газар өмчилж аваад байна. Энэ нь нийт 5000 орчим га талбайг хамарсан. Гэр хороолол их байдаг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт түлхүү газар өмчилсөн байна.
-Нийт иргэдийн хэдэн хувь нь өмчлөөд байгаа гэсэн үг вэ?
-2008 онд газар өмчлөлийн хуулийн өөрчлөлт орсон байгаа. Анхандаа өрх бүрт газар өмчлүүлнэ гэж тусгасан байсан бол өөрчлөлт орсноор иргэн бүр газар өмчилнө гэж заасан. Харин манай нийслэлийн хүн ам нэг сая 200 мянга гэсэн тоо байгаа. Үүнтэй харьцуулбал 10 хүрэхгүй хувьтай болж байгаа юм. Үүнээс амьдрал дээр газар өмчлөл муу байна гэж дүгнэж болохгүй. Учир нь хуульд гэр бүлийн зориулалтаар газар өмчилнө гэж заасан байгаа. Зарим иргэний хувьд өмчлөх боломжгүй газрыг авах гэж хүсдэг.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөх талбай үлдсэнгүй хэмээн иргэд бухимдаж байна. Учир нь ихэнх газар өмчлөгдсөн байна гэсэн?
-Газар байхгүйдээ биш. Учир нь 2008 оны Газар өмчлөх хуульд өөрчлөлт орсон байгаа. Хотын төвлөрлийг багасгах үүднээс хотоос аймаг руу явах төв зам дагуу иргэдэд 0.07 га газрыг өмчлүүлнэ хэмээн заасан байгаа. Энэ дагуу иргэд газраа маш ихээр өмчилж байгаа. Үүнээс гадна Ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотод шинээр газар өмчлүүлэх 52 байршил тогтоосон байгаа. Энэхүү 52 байршил дээр хэсэгчилсэн төлөвлөгөө хийгээд манайд хүлээлгэж өгнө. Манай тэрхүү төлөвлөгөө батлагдсаны дараа хэрэгжүүлнэ. Мөн сүүлийн жилүүдэд иргэд хот гэхээс илүүтэйгээр өөрийн сонирхлоор эдийн засаг илүү хөгжиж байгаа орон нутагт газар өмчилж байна. Тухайлбал, Өмнөговийн аймгийн Цогтцэций суманд ихээр газраа авч байна.
-Зарим иргэд 0э07 га газраа өмчлөөд дараа нь нийлж худалдан борлуулж байна. Өмчөө захиран зарцуулж байгаа нь тухайн иргэний асуудал уу?
-Газраа өмчлөөд авсан бол захиран зарцуулах нь тухайн иргэний асуудал. Гэхдээ худалдан борлуулахдаа зөвхөн Монгол Улсын иргэнд зарах ёстой. Энэ нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм.
-Иргэдээс ирж байгаа өөр нэг гомдол бол газар өмчлөх гэхээр нэлээд их хугацаа шаардагдаж, хүнд сурталтай тулгарч байна гэх юм?
-Хуульд газар өмчлөх асуудлыг 90 хоногийн дотор шийдэж өгнө хэмээн заасан байдаг. Механик ажил их байдаг. Иргэн газраа өмчлөх хүсэлтээ гаргаад дүүргийн Засаг даргаас зөвшөөрлөө авна. Дараа нь нийслэлийн Засаг даргад өргөн бариад газар өмчлөх магадлалын хурлаар ороод шийдэгддэг. Өнөөдрийн байдлаар газар өмчлөх асуудал сар хүрэхгүй хугацаанд шийдэгдэж байгаа. Харин иргэд өөрсдөө идэвх санаачилгагүй байдаг. Мөн өмчлөх боломжгүй газрыг өмчилнө хэмээн зүтгэдэг. Үүнээс энэхүү яриа үүсч байгаа юм.
-Мянганы сорилтын сантай хамтарч нэг ажил хэрэгжүүлж байгаа гэсэн?
-Газар өмчлөх асуудлыг нээлттэй болгох үүднээс нийслэлийн Засаг дарга Монголын Мянганы сорилтын сантай хамтран Хөрөнгийн эрхийн төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд тухайн сонгогдсон байршилд газраа өмчилж аваагүй иргэд гэртээ сууж байгаад газраа өмчилж байгаа юм. Гэрээс нь очиж материалыг бүрдүүлээд манай байгууллага дээр ирж захирамж гаргуулаад Улсын бүртгэлийн гэрчилгээг нь аваад тухайн иргэд шууд олгож байгаа. Энэхүү ажлын хүрээнд 3000 орчим иргэн энэхүү хөтөлбөрт хамрагдаад байна.
-Зуслангийн газрыг хэзээ өмчлөх вэ?
-Зуслангийн газар өмчлөлийг эхлүүлэх гэж байна. Энэ оны газар зохион байгуулалтын асуудалд тусгасан байгаа. Энэхүү хүрээнд Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 аманд зураг төслийг хийгээд дууссны дараа өмчлүүлэх ажил эхэлнэ. Гэхдээ яг хэзээ эхлэх тов нь гараагүй байгаа. Урин дулааны цагтаа багтаж өмчлүлж эхэлнэ.
Б.Даваатогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ