Шүүгдэгч: Түүнд данс нээж өгсөндөө үнэхээр харамсч байна

“Дайны эрсдэлийн сан” гэгчийг бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан МИАТ-ийн экс удирдлагуудыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжиллээ. Өчигдөр 09.00 цагаас эхэлсэн шүүх хурал 22.00 цагт завсарлаж өнөөдөр дахин үргэлжилсэн нь энэ.

Хурлын үеэр шүүгдэгчид хэрхэн мэдүүлснийг хүргэе.

Шүүгдэгч Ц.Орхон:

-Би МИАТ-ийн Маркетингийн албаны даргаар ажиллаж байгаад 2010 оны тавдугаар сард гүйцэтгэх захирлаар очсон. Намайг очиход МИАТ-ийн хувьд хамгийн хүнд үетохиож байсан. 2010 оны долоо, ес, аравдугаар сард гурван удаа мөнгө шилжүүлсэн. Надад гадаадад данс байхгүй. “Best Wealth Al Group” компанийн удирдлагуудтай нэг ч удаа уулзаж байгаагүй.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ:

-Намайг Солонгост байхад гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэгчээр ажилла гээд би ажилласан. Дараа нь 2010 оны нэгдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 26-ны хооронд гүйцэтгэх захирлаар ажилласан. “Дайны эрсдэлийн сан”-гийн гэрээг НҮБ-ын конвенцийн эрсдэлийн сан байгуулах ёстой гэх заалтын дагуу байгуулсан. Тиймээс би үүнийг үргэлжлүүлэх ёстой гэдэг үүднээс гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед үүргээ гүйцэтгэж байна гэж бодож байсан. Компанийн эзэдтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Би хариуцлага хүлээхгүй гэж хэлэхгүй. Үүрэгт ажилдаа хайнга хандсан. Тиймээс зүйлчилж байгаа зүйл, заалттай санал нийлэхгүй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг:

-Би 2005-2007 оны хооронд таван удаа гүйлгээ хийсэн. Би мөнгө шамшигдуулаагүй. Гэтэл яагаад ийм зүйл заалтаар зүйлчилж буруутган яллах дүгнэлт үйлдэж байгааг ойлгохгүй байна. Японы хөрөнгө оруулалттай “Best Wealth AlGroup” удирдлагуудтай нэг ч удаа уулзаж байгаагүй.

2008 онд нэг удаа гэрээ явуулж байсан. Гэрээ цахим шуудангаар ирдэг байсан. Тухайн үед би гэрээг өмнө нь байгуулсан байсан учраас шалгаж үзэлгүй сунгаж үргэлжлүүлсэн. Гэрээг нэг л удаа үзэж байсан. Тэгэхэд захирал нь Ч.Хоролсүрэн гэж байсан байх. Ч.Хоролсүрэнгээс авсан, түүнд өгсөн мөнгө байхгүй. Гэхдээ түүний ХЗХ-оос гурван удаа мөнгө зээлж байсан.

Шүүгдэгч Ч.Хоролсүрэн:

-Би нэг ч удаа гэрээ хийж байгаагүй. Мөнгө шилжүүлж байсан удаа байгаа бол Б.Бат-Эрдэнийн даалгавраар шилжүүлж байсан байх. Би гадаадад амьдарч байсан учраас хүний дансаар мөнгө хүлээж авдаг байсан. Тэр хүлээж авсан мөнгөний зургаан хувийг би авдаг байсан. Гэхдээ гурван болзолтойгоор. Үүнийг хавцаст хэрэгт тодорхой хэлсэн байгаа. Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүс намайг урамшуулал авдаг гэдгийг мэдээгүй.

Харин Н.Гантөмөрийн тухайд миний анхлан үүсгэн байгуулсан “МАК” компанид ажилладаг байсан. Мөн Н.Гантөмөр хэд хэдэн удаа данс руу мөнгө хийж байсан. Би гэм буруутай бол буруугаа хүлээж хариуцлага хүлээхэд бэлэн байна. Улсад ямар нэгэн хохирол учруулсан бол төлнө. Г.Саранчимэгийг таньдаг учраас данс нээж өгөөч гэж гуйж байсан юм. Г.Саранчимэгт буруу байхгүй.

Шүүгдэгч Г.Саранчимэг:

-Ч.Хоролсүрэн манай салбарын мөнгөний 20-30 хувийг эзэлдэг том харилцагч. Тэгээд нэг удаа данс нээгээд өгөөч гээд гадаадаас ярьсан. Тэр үед нь би хөдөө байдаг өөрийн найз С.Туяагийн нэр дээр данс нээж өгч байсан юм. Энэ данс руу хоёр удаа мөнгө шилжиж орсон. Гэхдээ би нэг ч удаа мөнгөнөөс нь авч байгаагүй. Ч.Хоролсүрэнд данс нээж өгсөнөөс өөр зүйл байхгүй.

Одоо түүнд данс нээж өгсөндөө үнэхээр харамсч байна. Угаасаа данс нээж өгсөн асуудлаас болж, би ажлаасаа халагдсан. Намайг бусадтай бүлэглэн мөнгө шамшигдуулсан гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ хүмүүсийг би одоо л харж байна. Хоригдож байх 83 хоногийн хугацаанд огт уулзаж байгаагүй.

Шүүгдэгч Ч.Суурьтогтох:

-Би яагаад энд байгаа гэдгийг ойлгохгүй байна.Тэр дундаа хамжигчаар оролцож байгаа гэхээр бүр ойлгохгүй байна. Ахын /Ч.Хоролсүрэн/ компани миний нэр дээр байдаг. Түүнээс өөр зүйл байхгүй.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ