”Гоё” тараг чанарын шаардлага хангаагүй нь тогтоогджээ

"Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Цэрэн өнөөдөр “Оргил хүнс” ХХК-ийн “Гоё” нэрийн тараг стандартын шаардлага хангахгүй байгаа талаар мэдээллээ.Анх 2012 оны долдугаар сараас “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Гоё” тарагны шошго иргэдийг төөрүүлсэн мэдээлэл агуулж байгаа болон чанарын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэж, Монголчуудын эртний амьд хоол болох тарагны шинж чанарыг зориудаар устган ундаа хэлбэрт оруулж байна хэмээн тэмцэж байсан юм. Гэтэл тус төрийн бус байгууллагыг “Оргил хүнс” компани шүүхэд өгч 78 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргаж өгсөн Нян судлалын лабораторийн шинжилгээний дүнгээр “Гоё” тарганд байгаа ашигтай амьд биетийн тоо хоёр сая орчим байна гэж гарчээ. Гэтэл төрөл бүрийн тарганд байх ёстой ашигтай амьд биетийн тоо нь хамгийн багадаа 100 сая байж стандартын шаардлагыг хангадаг байна. Тиймээс “Гоё” тарганд байх ёстой хэрэглэгч нарт хэрэгтэй амьд биет даруй 50 дахин бага байгаа хэмээлээ. Өмнө нь тэрээр шинжилгээний дүнг баталгаажуулахын тулд тавдугаар сарын 23-нд дахин “Гоё” таргийг шинжилгээнд оруулахад дээрх дүн батлагдсан ажээ. Тиймээс тус компани нь тарганд байх ёстой амин дэмийг зориудаар устгаж, таргийг ундаа болгож, иргэдэд худлаа мэдээлэл түгээж байгаа учраас уг зөрчлийг холбогдох газруудад шалгуулахаар хандаж байгаа ажээ.
Ямартаа ч гоё тараг бол тарган байх амин дэмгүй, стандартын шаарлага хангаагүй бүтээгдэхүүн гэдэг нь шинжилгээгээр ч нотлогджээ. Хадгалалтын горимыг удаан хугацаанд барих зорилгоор Е-гийн төрлийн нэмэлтүүдийг оруулдаг байна. Е-гийн төрлийн нэмэлтүүд нь тухайн бүтээгдэхүүнд шаардлагатай амин дэмийг өгдөггүй бөгөөд ямар ч хэрэгцээгүй болгодог юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ