МИАТ-ийн удирдлагуудад 10-13 жилийн ял оноолоо

Шөнийн 03.00 цагийн орчимд МИАТ-ийн экс удирдлагуудыг шүүх хурал өндөрлөсөн юм. Манай сурвалжлах хэсэг газар дээрээс нь сурвалжлага хийсэн ба шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.
“Дайны эрсдэлийн сан” гэгчийг бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт холбогдох шүүх хурал хоёр өдрийн турш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шөнийн 01.45 цагт шийдвэрээ гаргалаа.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, шүүгдэгч Г.Саранчимэгийг 156.1-т зааснаар буруутган ялласан юм.
Шүүх бүрэлдэхүүн бүтэн дөрвөн цаг хэлэлцсэний эцэст Р.Бат-Эрдэнэд 12.1, Ц.Орхонд 11, Б.Эрдэнэбилэгт 11.1, Ч.Суурьтогтохт 10.1, Г.Саранчимэгт 10.1, Ч.Хоролсүрэнд 13.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн шүүгдэгч нараас тодорхой хэмжээний эд хөрөнгийг хурааж, зургаан шүүгдэгч тус бүрээс 1.3 тэрбум гаруй төгрөгийг МИАТ-д гаргуулахаар болов.
Хуралд шүүгчээр Т.Шинэбаяр, Ч.Отгонбаяр, Л.Ганзориг, улсын яллагчаар Н.Отгонцэцэг, Б.Эрхэмбаяр, өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Д.Цэндсүрэн, Д.Одонтунгалаг, Ш.Мягмарцэрэн, Н.Батбаатар, Л.Данзанноров, Ж.Эрдэнэбулган, Ц.Монгол, Э.Туул, Д.Наранбулаг, Т.Энхтөр, Б.Болдбаатар, С.Жанцан, С.Дондов, М.Энхжаргал, Г.Тунгалаг, хохирогчоор Б.Баасанцогт, гэрчээр С.Туяа, О.Тамир, П.Энхцэцэг, О.Сэр-Од, Л.Сайнжаргал, Д.Цэцэгбаяр, О.Хайнзан, Х.Буянхишиг, Ц.Эрдэнэбилэг Б.Баясгалан, Д.Батбилэг, Ш.Чулуунаа, Б.Цогоо, Б.Махбал, Б.Шинэн нар оролцсон юм.
Харин уг хэрэгт холбогдоод байсан Н.Гантөмөрийн өмгөөлөгч Н.Жанцанг шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан учраас түүний хэргийг тусгаарлаад байгаа.
Мөрдөн байцаалтын явцад тэднийг нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гэх Япон, Хонгконг дахь зохиомол хоёр ч компанийн дансаар тухайн үеийн ханшаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн болохыг тогтоосон. Мөн дээрх мөнгөнөөс өөрсдийнх нь хувийн данс болон компанийх нь дансаар нийтдээ 4.3 тэрбум төгрөг нь эргэж орж ирсэн болохыг тогтоосон билээ.
Тиймээс тэдний 16.5 тэрбум төгрөгийн хадгаламжийн данс, 27 компанид оруулсан хувь бусад машин хэрэгслийг битүүмжлээд байсан юм.
Ингээд шүүх хурлын эхний өдөр шүүгдэгч нар хэрхэн мэдүүлж байсныг эргэн сануулж байна.
Шүүгдэгч Ц.Орхон:
-Би МИАТ-ийн Маркетингийн албаны даргаар ажиллаж байгаад 2010 оны тавдугаар сард гүйцэтгэх захирлаар очсон. Намайг очиход МИАТ-ийн хувьд хамгийн хүнд үетохиож байсан. 2010 оны долоо, ес, аравдугаар сард гурван удаа мөнгө шилжүүлсэн. Надад гадаадад данс байхгүй. “Best Wealth Al Group” компанийн удирдлагуудтай нэг ч удаа уулзаж байгаагүй.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ:
-Намайг Солонгост байхад гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилла гээд би ажилласан. Дараа нь 2010 оны нэгдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 26-ны хооронд гүйцэтгэх захирлаар ажилласан. “Дайны эрсдэлийн сан”-гийн гэрээг НҮБ-ын конвенцийн эрсдэлийн сан байгуулах ёстой гэх заалтын дагуу байгуулсан. Тиймээс би үүнийг үргэлжлүүлэх ёстой гэдэг үүднээс гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед үүргээ гүйцэтгэж байна гэж бодож байсан. Компанийн эзэдтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Би хариуцлага хүлээхгүй гэж хэлэхгүй. Үүрэгт ажилдаа хайнга хандсан. Тиймээс зүйлчилж байгаа зүйл, заалттай санал нийлэхгүй байна.
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг:
-Би 2005-2007 оны хооронд таван удаа гүйлгээ хийсэн. Би мөнгө шамшигдуулаагүй. Гэтэл яагаад ийм зүйл заалтаар зүйлчилж буруутган яллах дүгнэлт үйлдэж байгааг ойлгохгүй байна. Японы хөрөнгө оруулалттай “Best Wealth AlGroup” удирдлагуудтай нэг ч удаа уулзаж байгаагүй.
2008 онд нэг удаа гэрээ явуулж байсан. Гэрээ цахим шуудангаар ирдэг байсан. Тухайн үед би гэрээг өмнө нь байгуулсан байсан учраас шалгаж үзэлгүй сунгаж үргэлжлүүлсэн. Гэрээг нэг л удаа үзэж байсан. Тэгэхэд захирал нь Ч.Хоролсүрэн гэж байсан байх. Ч.Хоролсүрэнгээс авсан, түүнд өгсөн мөнгө байхгүй. Гэхдээ түүний ХЗХ-оос гурван удаа мөнгө зээлж байсан.
Шүүгдэгч Ч.Хоролсүрэн:
-Би нэг ч удаа гэрээ хийж байгаагүй. Мөнгө шилжүүлж байсан удаа байгаа бол Б.Бат-Эрдэнийн даалгавраар шилжүүлж байсан байх. Би гадаадад амьдарч байсан учраас хүний дансаар мөнгө хүлээж авдаг байсан. Тэр хүлээж авсан мөнгөний зургаан хувийг би авдаг байсан. Гэхдээ гурван болзолтойгоор. Үүнийг хавцаст хэрэгт тодорхой хэлсэн байгаа. Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүс намайг урамшуулал авдаг гэдгийг мэдээгүй.
Харин Н.Гантөмөрийн тухайд миний анхлан үүсгэн байгуулсан “МАК” компанид ажилладаг байсан. Мөн Н.Гантөмөр хэд хэдэн удаа данс руу мөнгө хийж байсан. Би гэм буруутай бол буруугаа хүлээж хариуцлага хүлээхэд бэлэн байна. Улсад ямар нэгэн хохирол учруулсан бол төлнө. Г.Саранчимэгийг таньдаг учраас данс нээж өгөөч гэж гуйж байсан юм. Г.Саранчимэгт буруу байхгүй.
Шүүгдэгч Г.Саранчимэг:
-Ч.Хоролсүрэн манай салбарын мөнгөний 20-30 хувийг эзэлдэг том харилцагч. Тэгээд нэг удаа данс нээгээд өгөөч гээд гадаадаас ярьсан. Тэр үед нь би хөдөө байдаг өөрийн найз С.Туяагийн нэр дээр данс нээж өгч байсан юм. Энэ данс руу хоёр удаа мөнгө шилжиж орсон. Гэхдээ би нэг ч удаа мөнгөнөөс нь авч байгаагүй. Ч.Хоролсүрэнд данс нээж өгсөнөөс өөр зүйл байхгүй.
Одоо түүнд данс нээж өгсөндөө үнэхээр харамсч байна. Угаасаа данс нээж өгсөн асуудлаас болж, би ажлаасаа халагдсан. Намайг бусадтай бүлэглэн мөнгө шамшигдуулсан гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ хүмүүсийг би одоо л харж байна. Хоригдож байх 83 хоногийн хугацаанд огт уулзаж байгаагүй.
Шүүгдэгч Ч.Суурьтогтох:
-Би яагаад энд байгаа гэдгийг ойлгохгүй байна.Тэр дундаа хамжигчаар оролцож байгаа гэхээр бүр ойлгохгүй байна. Ахын /Ч.Хоролсүрэн/ компани миний нэр дээр байдаг. Түүнээс өөр зүйл байхгүй.
ВИДЕО: Шөнийн 03.00 цагийн орчимд шүүх хурал явагдаж байгаа байрны тог тасарсан ч хурал үргэлжилж ялын тогтоолыг уншсанаар өндөрлөсөн.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ