Р.Гончигдорж даргын тамхийг хорихгүй юуюу

-Тамхины хуулиар Цагаан сараар хөөрөг барих хориотой-
“Тамхины хяналтын хууль” яригдахад ам, хамрын тамхи гарцаагүй дурсагдах ёстой. Гэтэл манайхан хуулиндаа нэр төдий дурдаад орхив бололтой. Тамхи л бол тамхи баймаар юм. Архины эсрэг гэх хуульд шимийнхийг ч, сөжү, сакэг ч сурталчлахыг хорьсон биз дээ. Шар айргийг хүртэл цаг, талбайгаар хянадаг болсон санагдана. Амны тамхины хувьд манайд бараг үгүй гэж үзсэн байж магадгүй. Дундад Ази, Арабын ертөнцөд хамгийн ихээр дэлгэрсэн тамхи зажлах хэлбэр манай үндэсний цөөнх дотор цөөн боловч бий. За тэрийг ч яахав гэхэд, хамрын тамхийг анхаарлаасаа гаргахааргүй юм билээ. Тэрэндээ хүрвэл тамхины дотроос хамгийн хортой нь л доо. Уушиг руу шууд ордог гэж байгаа. Тийм зүйлийг шууд, шууд бусаар сурталчлахыг хориглохгүй байж таарахгүй. Нарийндаа бол машид хүчтэй сурталчилагдаж магадгүй эд шүү. УИХ-ын дэд дарга, эрхэм гишүүн Р.Гончигдоржийн нэг гар хөөрөгнөөсөө салдаггүйг мэдэх хүн олон. “Тамхины хяналтын хууль” хэлэлцэж байхад зарим нь энэ талаар асууж байсан санагдана. Түүн шиг хамрын тамхи “тэнгэрлэг татдаг” хүн Монголд ер нь ховор гэж бодогддог юм. Ганцхан тэр ч биш, манай алдартай бөхчүүд, уяачид, малчид хэн боловч том, үнэтэй, ганган хөөргөөр тамхиламтгай. “Манай нутгийн өвгөд машины үнэтэй гаанс зуудаг” гэсэн шүлэг ч бий. Эдгээр нь нэг ёсондоо хамрын тамхины шууд сурталчилгаа болно. Энэхүү шууд сурталчилгаа Цагаан сараар бүр гаардаг билээ. Бараг л насанд хүрсэн болгон дээл өмсөөд хөөрөг өвөртөлчихдөг биз дээ. Тэгээд л орсон айл болгондоо тамхилна. Гудамжинд ч улаан цагаан хөөрөг зөрүүлээд зогсдгийг хараагүй хүн бараг үгүй биз. Зурагтаар ч мөн олон гардаг эд дээ. За тэгээд, зараар их явна. “Хуучны үнэтэй, цэнэтэй хөөрөг авна, зарна” гэдэг чинь шууд бус сурталчилгаа юм байгаа биз дээ. Ингээд яриад байвал “Тамхины” гэх хуулийн эргэн тойронд болоогүй “юм” бас л их байна даа. Намраас нэмэлт өөрчлөлт оруулаад шийдчих биз хэмээн найдахаас даа. Ийм хууль гаргачихаад “Их л сайн хууль хийсэн” хэмээн ярьцгаах юм даа, манай хууль санаачлагч, батлагч нар. Иймэрхүү хуулийг энгийн бид ч хэдийг бол хэдийг өлхөн санаачилж орхино доо.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ