Ухвал, яамдаар нэг улаан луйварчид

Их хэлмэгдүүлэлтийн он жилүүд л ингэж эхэлсэн болов уу гэмээр их баривчилгаа өрнөж байна. Өөрөө ирсэн нөхрийг өрсөөд онгоцны буудал дээр барьж ч байх шиг. Эр, эмийг ч ялгахаа байв. Хийсэн хэрэгтэй аваас хэнийг хаана ч барьж болно оо. Тэгэхээр тэд хийсэн хэрэгтэй нь тодорхой. Томоос нь бариад байгаа нь ч үнэн. Хэдэн арван тэрбум төгрөг яригдаж байхад арга ч байж уу гэж бодогдох л юм. Хийсэн юмгүй байж хилсдэж орхивол харин гомдолтой ёо. Тэрийгээ төр ялгах байлгүй дээ гэж тайвшрахаас. Ер нь энэ нөхөд “хийчихсэн” мөртлөө хийгээгүй хэмээн гүрийдэг юм байна лээ шүү. Ойрмогхоны олон жишээ үнийг харуулж байна. Тэрбумтнуудаас нь уруудаад саятнууд, тэгээд “мянгат”-ууд гэхчлэн яваад байх зам ямарч байсан нээгдчихлээ.Арван мянган төгрөгөөс дээш “хуссан” л бол“аав”-ынд очдог байх аа, манайд. Гэхдээ хуулийн иймэрхүү заалт нийгмийн хамгийн ядарсан хэсэгт тусдаг нь хатуу боловч үнэн. Өлссөн үрдээ үмх талх авч өгөхөөр нүднээс далд 10 мянган төгрөг, гар утасхан авсан эмэгтэй 10 жил авчих тун дөхсөн шүү. Долоо бил үү, их л олон жилтэй одсоныг бүгд мэдэж буй. Мөнгөний тоо өндөрсөх хэрээр баригдах, хоригдох магадлал тун багасдаг нь хачин. Албан тушаалаасаа буугаад л болох нь тэр. Харин одоо өөрчлөгдөж магадгүй нь ээ. Юутай ч гэрэл харагдаад эхлэв. Авилгын сүлжээ улс орныг хэрсэн талаар бид ярьдаг. Тэр баараггүй. Гэхдээ бид өндөр албан тушаалтнуудыг л барьдаг, хорьдог болж. Огт барихгүй байснаас дээр л дээ. Өндөр албан тушаалтан гэж яамдын Төрийн нарийн бичгийн даргаас дээшихийг хэлээд байгаа хэрэг. Одоо дунд тушаалын түшмэлүүдийн талаар ярих цаг болжээ. Тэгэхэд хүрвэл ч ёстой цугаараа “дээлээ нөмөрч” мэдэхээр юм билээ. Манай нэгэн өндөр албан тушаалтны хэлсэн үг айдас төрүүлдэг юм.“Шалгавал, яам, тамгын ямарч түшмэлээс юм гарна” хэмээн шууд хэлсэн удаатай. Нөгөө нэг нь бүр “Ухвал яамдаар нэг улан луйварчид” гэсэн бөлгөө. Энэ хоёр нөхрийн амнаас унасан эл хэдхэн өгүүлбэр ийхийг бодогдуулдгийг нуух юун. Яам бүхэн тендер зарлаж, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлдэг. Тендерээр нь тоглож, хөтөлбөрөөр нь хөлжиж, төслөөр нь төгсгөдөг гэсэн үг. Тэр болгон толгой эргэм их мөнгөөр өрнөдөг. Цөмөөрөө дунд тушаалын түшмэлийн гараар ордог гээд бодохоор ч аргагүй юм даа. Дээрээс хянадаг л байх. Гэхдээ л манайхан тэрүүхэнд нь хөнгөхөн “зохицуулж” дөнгөнө. Тэднийг барьж шалгах гэвэл аймаг, сум болгонд шорон босгох болно доо. Тэртэй тэргүй шоронжсон улс юунаасаа ч цэрвэх билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ