Парк “Бодь”-д үлдэх эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болно


Өнөөдөр 15:30 цагаас “Бодь” группын давж заалдах шатны шүүх хурал болно. Монголын Залуучуудын холбоо хүүхдийн паркийн газрын хувьчлалын асуудлаар “Бодь” группыг шүүхэд өгсөн. Гуравдугаар сарын 19-нд болсон анхан шатны шүүхийн шийдвэрээр хууль бусаар хувьчлал явуулсан гэж “Бодь” группыг буруутгажээ. Харин тус групп давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэрэг ийнхүү сунжирсан юм.
Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн нийт 35 га газрыг хамардаг ч одоогоор ердөө 4.5 га нь зориулалтаараа ашиглагдаж байгаа юм. Томоохон талбай эзэлдэг үлгэрийн ордон, төөрдөг байшин одоо байхгүй болсон. Паркийн газраас анх 1998 онд “Монтана” компани 0.5 га газар эзэмшиж, 2000 онд эзэмшлээ байснаа 4.9 га болгосон. Харин 2005 онд “MSC” групп гурван га-г нь худалдан авсан.
Одоогийн байдлаар энд “Мон-Уран” компани нэг, “MCS Hotel” групп гурав га, “Сөүл” ресторан, “Бэгдү” констракшн тодорхой хэмжээний газартай. Харин парк шинэчлэх ажлыг анх эхлүүлсэн “Бодь” групп зургаан тэрбум 481 сая төгрөгөөр худалдан авсан гэх 32 га талбайгаа хашаалаад авсан. Мөн “MCS” группын охин компани болох “MCS Проперти” компани гурван га-д нь “Шангри-Ла-Улаанбаатар” олон улсын таван одтой зочид буудал барьж байгаа юм.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ